Шууд Chart

"Энэ бол би” үзэсгэлэн хаалтаа хийлээ

2015-11-09 15:32:23

Үндэсний өгөх өдрийн хүрээнд тархины саажилттай хүүхдүүдийн төв, УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.

Уг үзэсгэлэнгээс олсон орлогоор саажилт өвчнөөр шаналж буй бага насны хүүхдүүдэд зориулсан “Spider Cage” буюу “аалзны тор” төхөөрөмжийг авч өгөх юм.  “Spider Cage” буюу “аалзны тор” гэх сэргээн заслын төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь дунджаар 12 мянган доллар байдаг бөгөөд хандивын мөнгө цуглуулсны дараа аль хямд өртөгтэй газраас оруулж ирэх аж.

Харин үүний дараа уг төхөөрөмжийг аль нэг эмнэлэг, цэцэрлэгт байрлуулж саажилттай хүүхдүүд сэргээн заслын эмчилгээ хийлгэж байх юм байна. Түүнчлэн нэг удаа энэхүү төхөөрөмжийг авсны дараа өөрсдөө адилхан төхөөрөмж дуурайлгаж хийх боломжтой гэдгийг Үндэсний “Өгөх өдөр”-ийг санаачлагч Б.Баярсайхан хэлж байсан.

 “Энэ бол би” үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын залуус оролцож буй. С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан нар хөл болон амаараа уран зураг зурдаг бол Б.Мөнхтулга шүлэг бичдэг бөгөөд үзэсгэлэнд өөрийн гаргасан гурван ч номоо дэлгэсэн. Харин А.Хүдэрбат, А.Дөлгөөн нар өөрсдийн цуглуулсан тоглоомон машин болон түлхүүрийy оосорны цуглуулгаа дэлгэж байгаа юм.

Түүнчлэн үзэсгэлэнд олны анхаарлыг татаж байгаа цуглуулга нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүүхэлдэйн цуглуулга байлаа. Тэрбээр оюутан байх үеэсээ хүүхэлдэй цуглуулж эхэлсэн бөгөөд нийт 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай аж.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Саажилттай зарим хүүхэд богино хугацаанд эдгэрдэг бол зарим нь сайн төхөөрөмж, эмчилгээ, хугацаа шаардаж байж эдгэрдэг. Хамгийн гол нь эдгээр хүүхдийн өөрсдийн сэтгэлийн тэнхээ, амьдралд хандах хандлагыг нь өөрчилж, тэднийг хооронд нь уулзуулж баяр баясгалантай байлгана гэдэг их чухал. Тиймээс би энэ үзэсгэлэнд өөрийнхөө хүүхэлдэйн цуглуулгаараа оролцож байгаа. Хүүхдүүдийг инээж байхыг харах сайхан байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр саажилттай хүүхдүүдийг дэмжиж ажиллахад иргэд олон нийт бүгд анхаарлаа хандуулаасай гэж хэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Энэ бол би” үзэсгэлэн хаалтаа хийлээ  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй