Шууд Chart

Бразилд аврах ажиллагаа үргэлжилж байна

2015-11-09 17:34:28

Өнгөрсөн Пүрэв гарагт Бразилийн зүүн өмнөд нутагт далан сэтэрснээс болж  багагүй хэмжээний газар нутаг үерт автаж, зарим газар хөрсний гулгалт үүссэн. Гамшгийн улмаас гурван хүн амь насаа алдаж, 28 хүн өнөөг хүртэл ор сураггүй хэвээр байна. Далантай ойр орших тосгон усанд автаж, 580 орчим оршин суугчийн орон гэр нурж сүйдсэн байна. Орон гэрээ алдсан эдгээр оршин суугч одоо хамаатан садныдаа, эсвэл ойролцоох зочид буудлуудад хоног төөрүүлж байгаа юм.

Бразилийн Минас-Жерайс мужид одоо ажиллагаатай төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаанаас гарсан хаягдал ус тогтооход зориулан энэ даланг барьсан. Иймээс далангийн ус хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой химийн нэгдлүүдийг агуулж байгаа юм. Одоогийн байдлаар далан юунаас болж сэтэрснийг олж тогтоогоогүй байна.

Төмрийн хүдрийн орд болон ойролцоох тосгонд учирсан хохирлыг арилгах, байгаль орчинг нөхөн сэргээх, түүнчлэн нурж сүйдсэн барилга байгууламжийг сэргээн босгох ажилд нэг тэрбум гаруй америк доллар зарцуулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Аврах багийнхан ор сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч өдөр хоног өнгөрөх тусам амьд үлдсэн хүн олох найдвар тасарч байна. Эрлийн ажиллагаанд албаныхан үнэрч нохой ашиглаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд аврах ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй