“Чингис хаан, Монголын нууц товчоо судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Иргэний танхимд болж байна. Хурлын үеэр Чингис хаан дээд сургуулийн Ерөнхий захирал, доктор Х.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-“Чингис хаан, Монголын нууц товчоо судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол юунд оршиж байна вэ?
-"Монголын нууц товчоо", тэр үеийн өв соёлын талаар хийсэн судалгааны ажлыг дэлхий дахинд өргөн хэмжээгээр сурталчлах ажил төдийлөн хийгдэхгүй байна. Ихэвчлэн Чингис хаан дэлхийг байлдан дагуулсан гэдэг талаас нь ярьж байдаг. Тэгэхээр тэр үеийн монголчуудын түүх, өв соёл, бичиг үсэг, ялангуяа "Монголын нууц товчоо"-ны асуудлыг дэлхийн эрдэмтэд хэрхэн үнэлж, яаж хөндөж байгаа талаар өнөөдрийн хурал хөндөж буй юм. Хуралд Чингис хааны өв соёл, Чингис хаан судлал, "Монголын нууц товчоо"-ны өнөөгийн байдал, "Монголын нууц товчоо"-ны шинэ хөрвүүлэг, Их Монгол Улсын үеийн археологийн дурсгал гэх мэт олон сэдвээр илтгэл тавьж байгаагаараа онцлог болж байна.
-Эрдэм шинжилгээний бага хурлаас Чингис хааны төрийн бодлогын асуудлыг болоод "Монголын нууц товчоо"-г хэрхэн дэлхийд таниулах талаар зөвлөмж гаргах уу?
-Хуралд оролцогчид уриалга гаргах байх. Энэхүү уриалгаа бид хэвлэл мэдээллээр олон нийтэд толилуулна. Ер нь бол Чингис хаан Монголын төдийгүй дэлхийн түүхт хүн. Бид Чингис хаан гээд цээжээ дэлдээд байдаг. Гэтэл Чингис хааны судлал, эрдэм шинжилгээний бүтээлээ олон түмэнд түгээх талаараа бага анхаарч байна. Ялангуяа тэр үеийн археологийн дурсгалын талаар бага ярьдаг. Тэр дундаа Монголд төдийгүй дэлхий дахинд монголчуудын үлдээсэн ямар өв соёл байна вэ, энэ нь биднийг яаж дэлхий дахинд таниулах нэрийн хуудас болох вэ гэдгийг манай Чингис хаан дээд сургуулийн багш нар өөрсдийн илтгэлдээ дурдаж байгаа.
У.Хүрэлбаатар: Хятад үсгээр тэмдэглэж үлдээсэн үг "Монголын нууц товчоо"-нд байгаа
БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн профессор У.Хүрэлбаатараас хуралд тавих илтгэлийнх нь талаар тодрууллаа.
-Өнөөдрийн Эрдэм шинжилгээний бага хуралд таны тавих илтгэлийн гол онцлог нь юу вэ?
-Хятад үсгээр тэмдэглэж үлдээсэн зүйл "Монголын нууц товчоо"-нд байна гэх асуудлыг хөндөн илтгэл тавьж байгаа. Анх удаагаа судлан тайлбарлаж байгаа болохоор зарим хүн ойлгохгүй байх шиг байна. Одоогоор миний судалгаанд хятад үсгийн талын зарим зүйлс дутуу байгаа. Гэхдээ нэг үсгээр хоёр авиа тэмдэглэсэн хятад ханзууд "Монголын нууц товчоо"-нд байна аа гэдгийг л нотлох гээд байгаа юм.
-Тэгвэл эдгээр үсгийн учрыг олбол "Монголын нууц товчоо"-г тайлбарлах өөр хувилбар гарч ирнэ гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Үсгийг нь олж мэдэж болж байгаа ч дуудлагыг нь олж чадахгүй байна. Эхлээд тэр учрыг олж байж ямар тайлбар өгөхөө шийдэх байх.
-Хэдэн жил энэ судалгааг хийж байна?
-Бараг 20-иод жилийг "Монголын нууц товчоо" судлалд зарцуулсан байна.
Х.Лхагвасүрэн: Чингис хааны судлалыг олонд түгээх ажил хоцрогдож байна | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.