Шууд Chart

Аюулгүй байдлыг сэргээн тогтоохыг Брунди улсын засгийн газарт уриаллаа

2015-11-11 11:19:23

Өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Брунди улсад үүсээд байгаа хурцадмал байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлан хуралдуулсан байна. НҮБ-ын улс төрийн хэрэг эрхлэх хоёрдугаар нарын бичгийн дарга Жеффри Фелтмэн Брунди улсын нийслэл хотод аюулгүй байдлыг сэргээн тогтоохыг тус улсын засгийн газарт уриалжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Брунди улсын нийслэл Бужумбура хотод хүчирхийлэлийн шинжтэй хэргийн улмаас есөн хүн амь насаа алдсан юм. Хохирогчдын цогцосонд хийсэн анхан шатны эмнэлэгийн дүгнэлтээр тэднийг цаазласан шинж тэмдэг илэрчээ. Тэдний дунд саяхан цагдаад саатуулагдан хоригдсон, Брунди улсын хүний эрхийн төлөө тэмцэгч, нэр хүндтэй идэвхтний хүүгийн цогцос олдсон юм.

НҮБ Брунди улсад эрх баригчид энгийн иргэдийг хүч хэрэглэн хөнөөх байдлыг зогсоох асуудлаар яриа хэлэлцээ хийхийг дэмжиж байна. гэвч Брундид энгийн иргэдээ хүч хэрэглэн хөнөөх, тэднийг тамлан зовоох байдал үргэлжлээд байвал, хэлэлцээ үр дүнд хүрэхгүй гэдгийг сануулж байна. НҮБ-ын хүний эрхийн зөвлөл ч Брундид болж байгаа эдгээр бусармаг үйл явдлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж,  тус улсад нөхцөл байдал хүндэрснийг олон улсын хамтын нийгэмлэгт анхааруулж байна.

Мөн Аюулгүйн Зөвлөлийг энэхүү хүчирхийлэлийг газар авахаас сэргийлж, гэм буруутны эд хөрөнгийг царцаах зэргээр шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалжээ. Харин НҮБ-д суугаа Африкийн холбооны байнгын ажиглагч Тете Антонио Африкийн Холбоо өөрөө Брундид тогтвортой байдал сэргээн тогтоох хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгааг Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аюулгүй байдлыг сэргээн тогтоохыг Брунди улсын засгийн газарт уриаллаа  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй