Европын холбооны дотоод хэргийн сайдууд Сири болон бусад орнуудын цагаач, дүрвэгсдийг хүлээн авах, шилжүүлж байршуулах ажлыг түргэвчлэхээр тохирчээ. Бельгийн Брюссель хотноо уржигдар болсон шуурхай хуралдааны үеэр Европын холбооны эрх баригчид дүрвэгч, цагаачид хамгийн анх очиж байгаа Итали, Грек зэрэг оронд бүртгэл, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Мөн өнгөрсөн есдүгээр сард Европын холбооны баталсан дүрвэгч хүлээн авах квотыг дагаж мөрдөхөөр тогтжээ. Тус квотоор Европын холбооны гишүүн орнууд хүн ам, эдийн засгийн хүчин чадлынхаа хэмжээгээр 160 гаруй мянган дүрвэгч цагаачдыг хувааж хүлээн авахаар үүрэг хүлээсэн юм. Гэвч Европын холбооны зарим оронд дүрвэгсдийг хүлээн авах, бүртгэх үйл явц удаашралтай байгаагаас тэднийг дахин хуваарилахад хүндрэл тулгарч буй юм байна.
Мөн Европын холбоо өдөрт 10 гаруй мянган дүрвэгч цагаач очиж байгаа Грекийн ачааллыг хэрхэн багасгах вэ гэдэгт анхаарч байна. Одоогоор Европын холбооны бусад орнууд болон Балканы орнуудад цагаач дүрвэгсдийг бүртгэх, шалгах төвүүдийг нэмж байгуулах асуудлыг ярилцаж байна. Үүний зэрэгцээ хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулах ажлыг энэ долоо хоногийн сүүлчээр болох Европын холбоо, Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт, мөн Европын холбооны шуурхай уулзалтаар тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
| Дүрвэгсдийг шилжүүлж байршуулах ажлыг түргэвчилнэ | ||
| Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.