Шууд Chart

МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө

2015-11-11 12:28:10

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Тодруулбал, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дээр санал хураалт явуулсан. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн.

Харин УИХ-ын дарга МАН-ын бүлгээс хүссэн завсарлагыг өгвөл Төсвийн тухай хуулийг хугацаанд нь батлах хуулиа зөрчинө гэдгийг хэлээд нэг цагийн завсарлага өглөө.

Хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн орлого бууруулах саналын хүрээнд явуулсан санал хураалтын шатанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багц дахь Хүүхэд харах үйлчилгээний зардлыг 5.587.6 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 68 хувийн саналаар дэмжих боломжгүй гэж үзсэн тул зардлыг хуучин хэвээр төсөвт үлдээв. Түүнчлэн бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн сургалт, семинарын зардлыг 50 хувиар буюу нийт 638.9 төгрөгөөр, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах арга хэмжээний зардлыг бүхэлд нь буюу нийт 391.8 сая төгрөгөөр, Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багцын дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах арга хэмжээний зардлыг 200.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг санал дэмжигдсэн.

Мөн урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны албан хаагчийн цалинг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан цалин хөлстэй холбоотой урсгал зардлыг 16.376.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүйгээр Улсын Их Хурлаас тогтоох, үүнтэй холбогдуулан урсгал зардлыг 7.460.7 сая төгрөгөөр, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд улсын төсвөөс олгох санхүүжилтийг 2.600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналыг дэмжсэн юм.


МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 14:23
Төсвийг МАН-ынхан байхгүй байсан ч өөрсдөө ирцээ бүрдүүлээд батлаад явалдаа, анхнаасаа л энэ их хурал тэгээд ирсэн биздээ

Бидэнтэй нэгдээрэй