Исламын улс бүлэглэл, террористуудын эсрэг АНУ-ын Сири дэх агаарын цэргийн ажиллагаа амжилттай болж байгаа ч цаашид хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмж оруулах шаардлагатай гэж АНУ-ын цэргийн нисэх хүчний командлагч Дебора Ли Жеймс мэдэгдэж байна. АНУ Сири дэх террорист бүлэглэлүүдэд агаараас цохилт өгөөд жил гаран болж байна. Харин өнгөрсөн сарын 30-ны өдөр АНУ-ын цөөн тооны цэргийн бие бүрэлдэхүүнийг Сири рүү илгээх шийдвэрийг ерөнхийлөгч Барак Обама гаргасан юм.
Энэхүү цэргийн бие бүрэлдэхүүн нь террористуудын эсрэг байлдаж байгаа орон нутгийн босогчдыг сургах, дадлагажуулах зорилготой гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд мэдэгдсэн. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд агаарын цэргийн ажиллагаа хангалтгүйг дахин онцлоод, энх тайван тогтооход орон нутгийн зэвсэгт хүчнийг илүү сайн бэлтгэж, сургах хэрэгтэй байна гэж мэдэгдсэн байна.
Өчигдөр цэргийн нисэх хүчний командлагч Дебора Ли Жеймс үүнтэй адил агуулгатай мэдэгдэл хийсэн нь АНУ цаашид Сири дэх хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж магадгүй гэсэн хардлага төрүүлж эхлээд байна. АНУ Сирид нэмж хуурай замын цэрэг оруулах эсэх албан ёсны байр суурь тодорхойгүй байгаа ч цэрэг оруулах тохиолдолд энэ нь байлдааны бус зөвхөн орон нутгийн хүчнийг бэлтгэх, сургахад чиглэнэ гэж албаныхан мэдэгдэж байна.
| АНУ Сирид нэмж цэрэг илгээж магадгүй | ||
| Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.