Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт 400-500 хүүхэд ханддаг

2015-11-11 16:09:30

Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт дуудлага авч эхэлснээс хойш 17 сарын хугацаанд 230 мянган дуудлага хүлээн авчээ. Энэ нь өдөрт 400-500 хүүхэд хүүхдийн тусламжийн утсанд ханддаг гэсэн үг юм. Хамгийн сүүлд л гэхэд  108 утсанд эцэг, эх нь өглөөнөөс эхлэн бага насны хүүхдээ зодсон гэсэн  мэдээллийг хөршүүд нь өгчээ. Мэдээллийн мөрөөр шуурхай удирдлагын төв хэргийн газар очиж хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үзүүлсэн. Сард дунджаар 13-15 мянган хүүхэд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, тусламж хүсдэг энэ утасны дэргэд ядаж түр хамгаалах байр байх шаардлагатайг  зохицуулагч нь хэлж байна.

Өнөөдөр Монгол Улс хүүхдийн хүчирхийллийн болон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг ганцхан утсаар авч байна. Цаашдаа илүү олон сувгаар мэдээлэл авч, тусламжийнхаа цар хүрээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан хэлж байна. Харин олон улсад хүүхдийн тусламжийн утсыг цогц хэлбэрээр ажиллуулдаг. Утсаар дуудлага авахаас гадна цахим шуудан, нийгмийн сүлжээ гээд олон суваг ашиглан хүүхдүүдийн тусламж хүссэн мэдээллийг цуглуулдаг. Австрали улс гэхэд хүүхдийн тусламжийн утсыг 50 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн эрхийн зөрчлөө бууруулж чадсан байх жишээтэй. 

Манай улсад 0-18 насны нэг сая гаруй хүүхэд амьдардаг. Тэдний 67 хувь нь хүүхдийн тусламжийн 108 утсыг мэддэг гэсэн судалгаа гарчээ. Тусламжийн утас ажиллаж эхэлснээс хойш гурван настай хүүхэд хүртэл хандсан гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тусламжийн утасны хамрах хүрээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь илүү өргөжүүлэхээр ажиллаж байна. 2017 он гэхэд дэргэдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Уг нь Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд баталсан байдаг. Гэвч дэлхийн зөн байгууллагын тусламжтайгаар дөнгөж жил хагасын өмнө хүүхдийн тусламжийн утсыг ажлуулж эхэлсэн. Зөвхөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 нь гэмтэж бэртэн, 101 хүүхэд нас барсан гэсэн харамсалтай баримт байна. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох цаг болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт 400-500 хүүхэд ханддаг  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй