Шууд Chart

"Цайны зам" дагуу эдийн засаг, худалдааны сувгийг дахин нээх боломжтой

2015-11-11 17:59:07

Хятадаас Монголоор дайраад Оросын хойд нутаг хүртэл үргэлжилсэн худалдаа наймааны чиглэлийг “Цайны зам” гэж нэрлэдэг байсан. Энэ замаар Монгол, Орос, Хятад улсын ард түмэн холбогдож, эв найрамдалтай хамтран ажиллаж ирснийг бэлгэдэж “Олон улсын цайны их хурал”-ыг Хятадын Хубэй мужийн Чиби хотод зохион байгууллаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг хамтран энэ олон улсын хурлыг зохион байгуулсан. Эртний “Цайны зам" бол Монгол Улс, ОХУ-ын Сибирийн бүсийг холбож байсан Хятадын эртний чухал арилжааны зам. Ази, Европыг холбож байсан гэдэг утгаараа тус хуралд 30 гаруй улсаас зочид ирсний дотор Монгол, Орос, Хятадын төлөөлөгчид гол зочин нь байлаа. Манай улсаас уригдсан төлөөлөгчид БНХАУ-ын санаачилсан “Талын зам” төслийг дэмжиж, "Цайны зам" дагуу Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг дахин нээх сонирхолтой байгааг илэрхийлж байсан юм.

"Цайны зам"-ын соёлыг хөгжүүлэх гурван талын хамтын ажиллагаа нь  зам дагуух хотууд, ард иргэдийн идэвх оролцоотойгоор эртний худалдааны замын соёлыг өвлөн,  уламжлахад оршиж байгаа. Энэ уламжлалыг өнөө цаг үед нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, соёл, худалдаа, бүх талын хамтын ажиллагааны нэгэн шинэ суваг болгон хөгжүүлэх боломжтой гэдгийг хурлын үеэр ярьж байлаа. 

 “Нэг бүс, нэг зам” стратегийн бодлогын хүрээнд зохион байгуулсан “Олон улсын цайны их хурал” нь Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор, орон зайг бий болгох, хөрш гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Хөрш орнуудтайгаа стратегийн түншлэлийг цаашид бүх салбарт хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Цайны зам" дагуу эдийн засаг, худалдааны сувгийг дахин нээх боломжтой  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй