Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-ын даргын өнгөрөгч 2013 оны захирамжаар томилогдсон ажлын хэсэг одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм.
Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын дарга өнгөрөгч нэгдүгээр сард томилон ажиллуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд тогтоолын төслийг боловсруулж ийнхүү өргөн барьсан юм. Өргөн барьсан төсөлд УИХ-д суудалтай бүх нам, эвсэл болон бие даагч гишүүдийн төлөөлөл гээд УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь гарын үсэг зурсан гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдэж байсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийн талаар иргэд янз бүрийн байр суурьтай байгаа. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ч мөн өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Үндсэн хуулийг өөрчлөх нь зарчмын хувьд гурван чухал асуудлыг шийднэ гэж харж болох юм. Тодруулбал,
- Сонгодог парламентийг бий болгох зорилгоор засаглалын эрх үүргийн хуваарилалтыг шинэчилнэ. Энд УИХ, Засгийн газраас гадна Ерөнхийлөгчийн институтийн эрх үүрэгтэй холбоотой зохицуулалт зайлшгүй хийгдэж байгаа юм.
- Хот гэсэн статусыг Үндсэн хуулиар бий болгоно. Инженерийн дэд бүтэц бүхий байгууламжтай, хүн ам олноор суурьшсан хотуудыг албан ёсоор хотоор нь хөгжүүлэх тухай асуудал энд яригдана. Үндсэн хууийн өөрчлөлтөө хийж чадвал дараа нь хотын тухай бие даасан хуулийг гаргана гэж төсөлд тооцжээ. Энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотын Захирагч гэдэг албан тушаал хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж хотын захирагчаа иргэд сонгодог болох тухай зарчмын өөрчлөлт юм.
- Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хүлээгдэж байгаа гурав дахь зарчмын гол өөрчлөлт бол сум, багийн сонгуульд улс төрийн намыг оролцуулахгүй байх тухай юм. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд ажил амьдралаа зохицуулах гол арга нь аль нэг улс төрийн намыг дагаж, дэмжиж гишүүн байж ажил амьдралаа залгуулдаг нь нууц биш. Хэрэв нам нь ялвал дөрвөн жил ажилтай байдаг, ялагдвал дараагийн сонгууль хүртэл гудамжинд гардаг болсон энэ дүр зургийг Үндсэн хуулийн зохицуулалтаар л өөрчлөхгүй бол өөр арга байхгүй. 3000 хүн амтай, 1500 сонгогчтой хөдөөгийн суманд улс төрийн намаар талцах ямар ч шаардлага байхгүй, хүмүүсийг улаан цэнхрээр нь хувааж байж сум орон нутаг хөгжинө гэдэг бодол бол үнэхээр үеэ өнгөрөөсөн тогтолцоо юм. Нөгөө талаас улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байгаа. Энэ өөрчлөлтөөр улс төрийн намыг ерөөсөө гишүүнчлэлгүй болгоё гэдэг яриа хүчтэй явж байгаа. Үндэс хуулиараа бид сум орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохгүй гэдгийг хуульчилж чадвал улс төрийн намын хуулиндаа ч гишүүнгүй байх тухай үзэл баримтлал биелэлээ олж болох юм. Намуудын хувьд ч сум, баг бүрт намын үүрээ байгуулах гэдэг нүсэр бүтэц арилна. “Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй” гэдэг явган хэлц ч хөдөөд, малчны хотонд байхгүй болох юм.
Гэхдээ энэ бол зөвхөн хуулийн төсөл иймэрхүү байвал яах вэ гэсэн чиг баримжаа юм. Ард нийтийн санал асуулгаар бид үндсэн хуулиндаа энэ ондоо багтаан өөрчлөлт хийе гэж олонх нь шийдэх юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүйл заалт, үг, өгүүлбэр бүрээр нь үндэсний хэмжээнд хэлэлцэж, үүнийг УИХ-ын нийт гишүүдийг 4-ний 3 нь буюу 57 гишүүний дэмжлэгтэйгээр нэг бүрчлэн батлах тухай асуудлыг ч ярьж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо л амжиж хийхгүй бол 2024 он хүртэл хүлээгдэнэ гэж УИХ-ын гишүүн Н.Батбаяр тооцжээ. Үнэхээр засаглалын хямрал дахиад 10 жил үргэлжилж мэдэхээр байгаа юм.
Иргэдэд Үндсэн хуульд орох өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөр "Монголын мэдээ" суваг цуврал мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байгаа. Дараагийн дугаарт бид Үндсэн хуульд орох засаглалын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх болно.
| Үндсэн хуульд орох өөрчлөлт ямар асуудлыг шийдэж болох вэ | ||
| Үзсэн: 295 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.