Япон болон АНУ гадаад улс орнууд дахь хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг нүүрс шатаагч цахилгаан станцуудад олгох санхүүжилтээ хязгаарлахаар тохиролцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ийм шийдвэр гаргасан гэж хоёр орны холбогдох албаныхан мэдээлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг угтан Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хуралдаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй 34 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага хөгжиж байгаа орнуудад нүүрсний цахилгаан станцын төслүүдэд дэмжлэг үзүүлснээр дэлхийн дулааралтай тэмцэх ажлыг хойш татаж байна хэмээн үзэж, улмаар нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад олгодог зээл тусламжийг бууруулах талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд болох Америк, Японы засгийн газрууд өөрсдийн төрийн өмчит банкуудаас гадаад улс орнууд дахь их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг нүүрсний цахилгаан станцуудад олгох зээл, санхүүжилтийг зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Харин дэвшилтэт технологи ашигладаг, хүлэмжийн хий бага ялгаруулдаг нүүрсний цахилгаан станц барихад үргэлжлүүлэн санхүүжилт өгөх юм байна.
Үүний зэрэгцээ тус хоёр улс өндөр хөгжилтэй бусад улс орныг нүүрсний цахилгаан станцуудад өгөх санхүүжилтээ багасгаж, хязгаарлахыг уриалсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ажлын бүлгийн гишүүн улс орнууд Америк, Японы тус санаачлагыг хэлэлцэх юм байна. Япон улс нүүрсний цахилгаан станцын тоног төхөөрөмжийн хамгийн том экспортлогч юм. Тиймээс энэхүү санаачлага олон улсад хэрэгжиж эхэлбэл дэлхий дахинд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ажилд дорвитой нэмэр болно гэж олон улсын шинжээчид үзэж байна.
| Нүүрсний хэрэглэдэг цахилгаан станцуудад олгох санхүүжилтээ хязгаарлана | ||
| Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.