Шууд Chart

БНХАУ "Эс-400"-г худалдан авахаар яаравчилж байна

2015-11-13 11:28:19

БНХАУ ОХУ-аас худалдан авахаар болсон агаарын довтолгооноос хамгаалах "Эс-400" системийг хугацааг нь урагшлуулж нэг жилийн дотор хүлээн авах гэж байгаа тухай Оросын эх сурвалж мэдээлжээ. Москва стратегийн зэвсэг "Эс-400"-г Бээжинд худалдах тухай энэхүү гэрээг өнгөрсөн оны хавар баталсан юм.

Оросын тал батлан хамгаалах салбарын хамгийн дэвшилтэт зэвсэг "Эс-400"-г хамгийн анх Хятад улсад худалдаалах болсноо нууцлаагүй бөгөөд энэхүү худалдааны гэрээ хоёр орны харилцааны түвшинг тодорхойлсон алхам гэж дүгнэж байна. "Эс-400" нь ОХУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн холын болон дунд тусгалын пуужингаас хамгаалах систем бөгөөд орчин үеийн, дэвшилтэт бүх төрлийн байг 400 км хүртлэх зайнаас устгах хүчин чадалтай юм.

Энэ нь Оросын газар агаар ангилалын пуужингийн систем "Эс-300"-гийн шинэчлэсэн хувилбар бөгөөд энэ системийг 2007 оны дөрөвдүгээр сард батлан хамгаалах салбарт нэвтрүүлж, мөн оныхоо наймдугаар сард анхны агаарын довтолгооноос хамгаалах "Эс-400" загварыг хөгжүүлж эхэлжээ. Одоогоор ОХУ агаарын орон зайгаа хамгаалах зорилгоор Москва муж, Калининградын Балтийн тэнгистэй хил залгаа бүс, Цэргийн зүүн дүүрэг дэх цэргийн хороодод тус бүр нэг нийт дөрвөн "Эс-400" системийг байрлуулаад байна.

Мөн Энэтхэг улс ОХУ-ын стратегийн зэвсэг пуужингаас хамгаалах систем "Эс-400"-г 12 ширхэгийг худалдан авахаар төлөвлөж байна. Харин "Эс-300"-г Иран улс худалдан авахаар яригдаж байна. ОХУ нь зэсвгийн экспортоороо дэлхийд хоёрт бичигддэг. Энэ ч үүднээсээ Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг дэлхийн зэвсгийн зах зээл дээр эрэлт эхтэй байдаг ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ "Эс-400"-г худалдан авахаар яаравчилж байна  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй