Шууд Chart

Цагдан хорих шинэ байр ашиглалтад оржээ

2015-11-13 15:50:39

Хүний эрхийг, тэр дундаа хүний жам ёсний эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэн ажиллах нь төрийн байгууллагын үүрэг байдаг. Тэгвэл таслан шийдвэрлэх арга хэмжээ авагдаж урьдчилан хоригдож байгаа этгээдүүдийн саатуулах орчныг сайжруулсан ажлыг Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийж, шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Гэмт хэрэгт холбогдож мөрдөн байцаалтын үед зайлшгүй цагдан хоригдох тохиолдол олон байдаг. Дорнод аймагт хүн амын нягтрал болон явуулын хүн олон зорчдог учраас гэмт хэргийн гаралт тэр чинээгээрээ улсын дунджаас өндөр байдаг. Гэтэл аймгийн Цагдаагийн газрын цагдан хорих байр олон жилийн турш зоорийн давхарт байрлаж, зай талбай бага тул нэг өрөөнд олноор нь саатуулах тохиолдлууд хэвийн үзэгдэл болоод байсан юм. Түүнчлэн байгалийн нар, салхи үздэггүй, агааржуулалтын системгүй, хүний наад захын хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон нь хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд байсан юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар дотоод нөөц бололцоогоо ашиглан 1350 м2 талбай бүхий хоёр давхар цагдан хорих байрыг ашиглалтад оруулж, шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Шинээр ашиглалтад оруулсан цагдан хорих байрны хорих өрөө нь сэжигтэн яллагдагчдыг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенцийн шаардлагыг хангасан байна. Байгалийн гэрэл, агаар, салхи орох боломжтойн дээр ариун цэврийн наад захын шаардлага хангасан угаалтуур, суултуурыг ч мөн байрлуулсан байна. Түүнчлэн өрөөнд цагдан хорихоос гадна сэжигтэн яллагчдад тусгай өнгө, загварын нэг ижил хувцсаар хангасан, хоригдогсод болон алба хаагч нарын биет харилцааг багасгах, зайлшгүй албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед хорих өрөөг теле камераар хянах, радио узелиэр харилцах, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, ар гэрийнхэнтэйгээ уулзах өрөө тасалгааг ч  гарган тохижуулж хүний эрхийг ханган ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдан хорих шинэ байр ашиглалтад оржээ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй