Шууд Chart

Индонезид Монгол отог байгуулагдана

2015-11-14 12:18:16

Их эзэн Чингис Хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдрөөр Элчин сайд Ш.Батцэцэг Индонезийн "Жабабека" группын Ерөнхийлөгч, Номхон далай, Азийн орнуудын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Cэтионо Жуанди Дармоно нар ажил хэргийн уулзалт хийв. "Жабабека" групп нь Жава арлын баруун эрэг дахь аялал жуулчлалын тусгай бүс "Танжунг Лэсунг"-д аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд тус бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол отог байгуулахаар судалж эхлээд байгаа юм.

Индонезийн Ерөнхийлегч Жоко Видодо, Эдийн засгийн асуудлыг нэгтгэн зохицуулах сайд Софьян Жалиль нар энэ оны эхээр энэхүү бүтээн байгуулалтын төсөлтэй газар дээр нь биечлэн танилцсан байна. Элчин сайд Ш.Батцэцэг Монголын аялал жуулчлалын хөгжил, Монгол отог болон гэр, ахуй, зан vйлийн талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монголчууд үндэсний түүх, уламжлалт соёлоо маш их дээдэлдэг ард түмэн бөгөөд, Монгол орныг тал бүрээр нээн үзүүлж, дэлхий дахинд сурталчилан таниулахад Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч байгааг онцлон дурьдав.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ ойн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон санаачлага болохыг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн, Индонез иргэдийн Монголын тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд "Жабабека" группын санал санаачлага их чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд энэхүү төслийн хүрээнд Монголын зан үйл, ахуй, уламжлалтай холбоотой мэдээлэл, судлах материал, зөвлөмжөөр ЭСЯ-ны хамт олны зүгээс цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.


Индонезид Монгол отог байгуулагдана  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй