Шууд Chart

Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв

2015-11-14 12:22:10

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон тус Элчин сайдын яамны ажилтнууд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Анкара хотод байдаг Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөсний дараа Монгол, Туркийн төрийн дуулал эгшиглүүлж, Элчин сайд Б.Батхишиг, тус хотын Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер нар харилцан баяр хүргэж үг хэлэв.

Элчин сайд Б.Батхишиг хэлсэн үгэндээ эзэн Чингис хаан Евразийн өргөн уудам орон зайд Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглээд орчин цагийн даяаршлын үйл явцыг үндэслэгч мөн хэмээн онцлов.

Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер Монгол, Турк ах, дүүгийн найрсаг харилцаатай улсууд болохыг онцлон тэмдэглээд, улс эх орны томоохон удирдагчдыг санан дурсах нь тэдний түүхэн гавъяа, зүтгэлийг алдаршуулж, мөнхжүүлэхэд чухал гэв.

Уг ёслолд Туркийн Анкара хот, дүүргийн захиргааны хариуцлагатай ажилтнууд, тус хотод суралцаж, ажиллаж байгаа Монголын иргэд оролцов. Анкара хотын Цагдаагийн академийн монгол оюутнууд дүрэмт хувцастайгаа жагсаж хүндэтгэл үзүүлэв.

Эзэн Чингис хааны хөшөөг тус хотын төв дүүрэг Чанкаяа дахь үзэсгэлэнт цэцэрлэгт 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон байна.


Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй