Шууд Chart

Газрын доорх усанд хяналт, шинжилгээ хийх боломж бүрдлээ

2015-11-16 10:26:48

Манай улс газар доорх усандаа хяналт шинжилгээ хийх боломжтой боллоо. БОНХАЖ-ын яам “Газар доорх усны хяналт, шинжилгээ”-ний багажийг нийтдээ 9 аймагт суурилуулж, мэдээллийг боловсруулах баг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн газарт усны хяналт шинжилгээний 25 дугаар цэгийг суурилуулж, нээлтээ хийлээ.

“Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ” төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар зэрэг 9 аймгийн 116 цооногт усны бүрэн болон хагас автомат багаж суурилуулжээ. Ингэснээр газрын доорх усны нөөц, бохирдол, өөрчлөлтийг хэмжихээс гадна усны хэрэглээнд хяналт тавьж, төлөвлөгөө гаргах боломж бүрдэж байгааг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг онцоллоо. Гүйцэтгэгчээр нь манай КиПиЭм компани ажилласан байна.

Газар доорх усны хяналт шинжилгээний төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгожээ. Мөн энэ төсөлд Австралийн Засгийн газраас буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Төсөлд нийтдээ 25 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгохдоо тухайн улсад хөрөнгө оруулалт ихээр шаардагдаж байгаа чухал салбарт хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг. Монгол орны хувьд байгалийн баялгаа зөв зохистой ашиглахын тулд байгаль орчноо сайн судлах хэрэгтэй.  Газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээ бий болсноор усны түвшин, цаашлаад чанарын бусад үзүүлэлтийг хянах боломж бүрдэх юм” гэлээ.

Харин Австралийн консулын газрын Ерөнхий консул Брэндон Койне “Австрали болон Монгол Улс хооронд ижил төстэй зүйл их бий. Тухайлбал, газар нутаг том, байгалийн баялаг ихтэй. Тэр ч утгаараа усны нөөц менежментийн бодлогодоо ихээхэн анхаарах хэрэгтэй. Тиймээс энэ төсөл  дээр хамтран ажиллаж, буцалтгүй тусламж үзүүллээ” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын доорх усанд хяналт, шинжилгээ хийх боломж бүрдлээ  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй