Германы Берлин хотноо Увс аймгийн Улаангомд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ станц байгуулагдсанаар баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, манай улсын ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний олон тэрбум төгрөг өөрийн эх орондоо үлдэх ажээ.
Увс аймгийн Улаангомд шинээр барих энэ станц нь нүүрс болон нар, салхины сэргээгдэх эрчим хүч гэсэн хосолсон хабрид технологиор Монголд анх удаа байгуулагдана гэдгээрээ онцлог. Жилдээ 60 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор баруун гурван аймгийн хэрэглэгчид эрчим хүчний найдвартай хямд эх үүсвэрт холбогдож энэ бүс нутагт ноос, ноолуур, мөн барилгын үйлдвэрлэл эрхлэх боломж нээгдэх юм.
Төсөл нийтдээ 1.6 жилийн хугацаанд хэрэгжиж, нийт санхүүжилт нь 120 сая еврогийн зээлийг Германы Лэйнд оф Берлин банкнаас 15 жилийн хугацаатай жилд 4 хувийн хүүтэйгээр зээлж байгаа юм. Энэ талаар Сакс Энерги Монголиа компанийн захирал Франк Кокиш “Бидний Улаангомд барих цахилгаан станц байгаль орчинд халгүй, шинэ технологиор баригдана. Жилдээ 60 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Энд суурилагдах техник хэрэгслийн бараг 60 хувийг манай Сиеменс компани нийлүүлнэ” гэлээ.
Энэ станцыг концессын гэрээгээр барина. Манай Засгийн газар батлан даалт гаргаж байгаа. Төслийн гүйцэтгэгч Баруун Монгол Энерги компани өөрсдөө бариад мөн өөрсдөө бүтээгдэхүүнээ борлуулахаар гэрээнд зааж өгсөн. Гүйцэтгэгч тал 40 жилийн баталгаа өгч байгаа. Харин эдийн засгийн талаасаа жилдээ 41 хувийн ашигтай ажиллана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн тухайн орон нутагт зөвхөн энэ станцад 300 гаруй ажлын байр шинээр бий болох юм байна.
| Улаангомд өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулна | ||
| Үзсэн: 267 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.