Өнгөрсөн сард 39 мянга орчим иргэн ажил идэвхтэй хайж хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс эдийн засгийн хямралын үед ажлын байрны тоог хэвээр хадгалж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг нийслэлийн Хөдөлмөрийн чуулганд оролцогчид хэлж байна.
Зөвхөн 2012 онд нийслэлд 32 мянган ажлын байр шинээр нэмэгдэж байсан. Гэтэл 2015 онд энэ тоо бараг 3 дахин буурч 13 мянга болжээ. Энэ нь ажилгүй иргэдийнхээ тоонд харьцуулбал маш хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс эдийн засгийн хямралын энэ үед хувийн хэвшил, төрийн байгууллага гэж ялгалгүй ажлын байраа хэвээр хадгалах нь зүйтэй. 150-аас доош ажилтантай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хямрал илүү нөлөөлж байгаа учраас тэдэнд санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэж Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа ярилаа.
Ирэх жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Гэхдээ хямралын үед зөв менежмент хийж чадвал ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тайлбарлалаа.
Өнөөдөр нийслэл хотод 1 сая 400 мянган хүн амьдардаг. Түүнээс 450 орчим мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Хямралын сургаар хална, хасна гэж ярилгүй, зөв менежментээр зохион байгуулалт хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайн байж чадвал буруу явж ирсэн зарим алдаагаа ч залруулах боломжтой гэж нийслэлийн Хөдөлмөрийн чуулганд оролцогчид үзэж байна.
| Эдийн засгийн хямралын үед ажлын байрны тоог хэвээр хадгалах хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 217 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.