Дэлхийд аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, олон улсын хамтын хүчээр шийдвэрлэх асуудалд гол шийдвэрийг гаргадаг "Их 20"-ийн бүлэг Турк улсад дээд хэмжээнд уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд "Их 20"-ийн төр засгийн тэргүүн нар хоёр талт уулзалтуудыг хийж, терроризмтой тууштай тэмцэхээр санал нэгдсэн байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд "Их 20"-ийн эрх баригчид Парис хотноо болсон террорист халдлагыг зэмлэн буруушааж, цаашид терроризмын аюулгүй учруулж байгаа Исламын улс хэт даврагч бүлэглэлтэй тууштай тэмцэхээр санал нэгджээ. "Их 20" терроризмтой тэмцэхээс гадна цаг уурын өөрчлөлтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг тулгамдсан сэдвийг хөнджээ.
Зарим улс орнууд энэ сарын сүүлээр эхлэх цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлаар хүлэмжийн хий ялгаруулалтыг дэлхий даяар эрчимтэй бууруулах арга хэмжээг авах тухай шинэ баримт бичиг батлах нь чухал, үүнд дор бүрнээ хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. ОХУ-ын Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд өчигдөр 35 минут орчим уулзалт хийж, Сирийн хямралд шийдэл хэрхэн гаргах вэ гэдгийг хэлэлцсэн байна.
Тэд Сирид улс төрийн эрх мэдлийг шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр тохирчээ. НҮБ-ын зуучлалтайгаар Сирийн ерөнхийлөгч Башар Ассад болон түүний засгийн газрыг эсэргүүцэгчдийн хооронд яриа хэлэлцээ хийх, гал зогсоох гэрээ байгуулах замаар Сирид төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцийг хийх нь зүйтэй гэдэг дээр Обама, Путин нар санал нэгдсэн байна. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд улс орнуудын оруулж байгаа хувь нэмэр хүчин чармайлтыг сайшааж, ОХУ-ын Сирид явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаа зөвхөн Исламын улс бүлэглэлд чиглэх нь зүйтэйг онцлон тэмдэглэжээ.
Харин ОХУ-ын албаны хүний өгсөн мэдээгээр хоёр удирдагч "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэхэд санаа зорилго нэгдсэн ч ямар арга замаар тэмцэх вэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй хоёр талт уулзалт хийж, ерөнхийлөгч Путины Япон улсад хийх айлчлалыг тохиромжтой цаг үед зохион байгуулах чармайлт гаргана гэдгээ харилцан илэрхийлжээ. Японы тал хоёр орны яриа хэлэлцээг эрчимжүүлэх нь харилцаагаа сайжруулахад дэмжлэг болох юм, ялангуяа эдийн засгийн салбарт яриа хэлэлцээг түлхүү хийж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхлоо илэрхийлжээ. Мөн хоёр удирдагч энхийн гэрээ байгуулах тэр дундаа газар нутгмйн маргааныг шийдэх асуудлаар санал солилцжээ.
| ОХУ, АНУ-ын эрх баригчид Сирийн асуудлыг хэлэлцэв | ||
| Үзсэн: 275 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.