Францын нийслэл Парис хотноо болсон террорист халдлагыг дүрвэгч нэрийн дор Европт цагаачилсан этгээдүүд үйлдсэн байх үндэслэлийг цагдаа, хуулийнхан илрүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Европын холбоо цагаачлалын бодлогоо эргэн харах шаардлага тулгарч байна.
Харин Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европ цагаачлалын бодлогоо зүгээр нэг хянан засварлах биш бүр үндсээр нь өөрчлөх ёстой, халдлага үйлдэгч сэжигтэн зүгээр нэг дүрвэгч биш гэмт хэрэгтэн. Гэтэл түүнийг орогнол эрэгч гэж үзэх үндэслэл байх ёсгүй юм гэж хатуу байр суурь илэрхийлж байна. Энэ үеэр Польш улс Европын холбооны квотоор дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж байна. Польшийн Засгийн газар Парист болсон халдлага Европын холбоо терроризмын эсрэг аюулгүй байдлын дархлаа сул байгааг харуулсан. Иймд Польш улс дүрвэгч цагаачдыг хүлээж авахгүй, хилийн хяналтаа чанга хэвээр байлгана гэдгээ мэдэгджээ.
Мөн Германы Канцлер Ангела Меркель терроризмтой тэмцэх, Европыг чиглэсэн дүрвэгсдийн их урсгалыг сааруулахад зохих арга хэмжээ авахыг шаардаж байна. Европын холбоо өнгөрсөн есдүгээр сард гишүүн орнуудаа хүн ам эдийн засгийн чадамжаасаа хамаараад Сири болон бусад улсаас очиж байгаа дүрвэгч цагаачдыг квотоор хүлээн авах журмыг баталсан юм. Европын холбоо Францын хүсэлтээр энэ баасан гарагт Брюссель хотноо терроризмтой тэмцэх асуудлаар хууль зүй, дотоод хэргийн сайдын түвшинд шуурхай хурал хийхээр товлолоо.
Одоо Франц төдийгүй Европын дүрвэгч цагаачид олноор очсон орнуудад террорист халдлага гарах эрсдэлтэй гэсэн болгоомжлол бий болж, улс орнууд дор бүрнээ аюулгүй байдлаа чангатгаж байна. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Турк зэрэг орнууд Парист халдлага болсонтой холбогдуулан дотоодын аюулгүй байдалдаа анхаарч эхэлжээ.
| Европын холбоо цагаачлалын бодлогоо өөрчлөх ёстой | ||
| Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.