Өчигдөр Японы засгийн газар Окинава мужийн захиргааны эсрэг Дээд шүүхэд зарга мэдүүллээ. Энэ нь Японы Окинава аралд байрладаг АНУ-ын агаарын цэргийн баазыг нүүлгэх асуудлаар тус улсын засгийн газар, мужийн захиргааны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх зорилготой юм байна.
АНУ-ын “Футенма” агаарын цэргийн бааз одоо Окинавагийн хүн ам шигүү суурьшсан бүсэд байрлаж байгаа. Японы засгийн газар энэ баазыг мужийн алслагдсан эрэг рүү нүүлгэхээр шийдвэрлэж, Окинава мужийн өмнөх захирагч газар ашиглах зөвшөөрөл олгоод байсан юм. Харин өнгөрсөн онд сонгогдсон мужийн шинэ захирагч Такеши Онага тухайн зөвшөөрлийг цуцалснаар Засгийн газар, мужийн захиргааны хооронд маргаан дэгдээд байгаа юм.
Улмаар талууд энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадалгүй удаж байгаа учир Окинава дахь баазыг мужийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр нүүлгэх эрх олж авахаар Японы засгийн газар шүүхэд хандсан байна. Баазыг хүн ам цөөтэй нутагт нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлийг цуцлах нь олон нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулна гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Окинавагийн ард иргэдийн олонх нь АНУ-ын баазыг мужийн өөр хэсэгт шилжүүлэн байгуулах бус, харин мужаас нь бүрмөсөн нүүлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тэд АНУ-ын баазын цэргүүд хэрэг төвөг их тарьдаг гэж шүүмжлэхийн зэрэгцээ цэргийн баазыг мужийн өөр хэсэгт нүүлгэснээр байгаль орчинд халтай гэж үзэж байгаа юм байна.
| Окинава мужийн захиргааг шүүхэд өглөө | ||
| Үзсэн: 276 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.