ОХУ-ын “КогалымАвиа” нисэх компанийн А321 онгоц өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Египетийн Синайн Хойгт осолдож, 224 хүний амь эрсэдсэн. Тэгвэл онгоцны сэг зэмд хийсэн шинжилгээгээр тэсрэх бодисын ул мөр илэрсэн талаар ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга Александр Бортников өнөөдөр ерөнхийлөгч Путинд мэдээллээ.
Ингэснээр онгоцыг хэт даврагчид тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн байж болзошгүй гэж Өрнөдийнхний өгч байсан мэдээлэл үндэслэлтэй болох нь батлагдлаа. Александр Бортниковын өгсөн мэдээллээр бол, Оросын А321 онгоц нэг кг три-нитро-толуол бодистой дүйцэх хэмжээний гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрснээс болж сүйрсэн байна. Онгоц осолдсоны дараахан “Исламын улс” хэт даврагч бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлгийнхэн оросын онгоцыг сүйрүүлсэн гэдгээ мэдэгдэж, үүний дараа оросын зорчигч тээврийн онгоцыг алан хядагчид сүйрүүлсэн байх өндөр магадлалтай гэдгийг АНУ, Британи улсууд тагнуулын мэдээлэлд тулгуурлан мэдээлж байсан юм.
ОХУ харин эдгээр мэдээлэлд яаран дүгнэлт өгөлгүй, шинжээчдийн албан ёсны дүнг харах нь зүйтэй гэдэг байр сууринаас асуудалд хандаж байсан. Тэгвэл онгоц агаарт дэлбэрсэн нь алан хядагчдын суурилуулсан тэсрэх бодистой холбоотой байсан нь мөрдлөг шалгалтын дүнд ийнхүү нотлогдсон байна. Энэ мэдээллийн мөрөөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онгоцны сүйрлийг зохион байгуулсан алан хядагчдыг олж илрүүлэх ажиллагаа эхлүүлэхийг аюулаас хамгаалах албаныханд үүрэг болголоо.
Мөн Оросын Холбооны аюулаас хамгаалах алба А321 онгоцны сүйрэлд гэм буруутай этгээдүүдийн тухай мэдээлэл өгсөн хүнд 50 сая америк долларын шан өгөхөө зарлалаа. Энэхүү онгоцны сүйрлийн дараа Египетийн Шарм-эль-Шейх хотын нисэх буудлын хоёр ажилтанг онгоцонд бөмбөг суурилуулахад алан хядагчдад тусалсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар “Ройтерс” агентлаг уламжилсан юм.
| ОХУ-ын онгоц тэсрэх бөмбөгөөс болж сүйрчээ | ||
| Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.