Шууд Chart

Зам барилгын дэвшилтэт технологийг судалж байна

2015-11-18 18:05:19

Богино хугацаанд чанартай зам барих дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр авто замын салбарынхан судалж байна. Манай орны  уур амьсгалын онцлогоос шалтгаалаад зам засах, барих ажил төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх тохиолдол гардаг учраас тухайн замыг засаж, шинэчлэхдээ хагарч, эвдэрсэн хуучин хучилтыг нь хаялгүй дахин боловсруулж  ашиглах, хугацаа хэмнэх боломжтой технологийг нэвтрүүлэхээр япончуудаас туршлага судалж байгаа юм.

40 гаруй жил гар хүрээгүй зуслангийн замыг энэ жил засаж шинэчилсэн. Шинэчлэхдээ урьд өмнө Монголд байгаагүй шинэ технологийг ашиглаж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл замын хуучин хучилтыг бутлаж, газар дээр нь дахин боловсруулалт хийж, хог биш чанартай зам барих үндсэн түүхий эдийн нэг болгож хувиргадаг стабилизатор технологийг нэвтрүүлэхээр авто замын салбарынхан ажиллаж байна.

Харин энэ талаар “Сакай Жюүкоре” компанийн инженер Вакамацү Тоорү "Стабилизатор  технологи нь хучилтыг газар дээр нь бутлаад, холиод, бэхжүүлэлт хийгээд дахин ашиглах боломж олгож буйгаараа онцлог. Бас тухайн замаас гарах хог хаягдлыг зөөвөрлөх болон шинэ замд ашиглах материал татах зардлуудыг хэмнэж, богино хугацаанд их ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа юм" гэлээ.

Хархориноос Элсэн тасархай, Орхоны гүүр хүртэлх 77 км замыг засах ажил дуусах шатандаа орж байсан ч хүйтний улирал эхэлж, гүйцэтгэх хугацаа дууссан учраас долоон км дутуу орхисон. Хэрвээ стабилизатор технологийг нэвтрүүлчихсэн байсан бол Хархорины энэ замыг төлөвлөгөөт хугацаандаа дуусгачих боломжтой байлаа гэж Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн ярилаа.

Шинээр баригдаж байгаа замуудынхаа чанарыг бодсон ч баригдах хугацааг нь богиносгоход ч энэ шинэ технологи ач тустай гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Стабилизатор  төхөөрөмжийн зах зээлийн ханш өнөөдрийн байдлаар 50 сая орчим иен байгаа юм байна. Хэрвээ авто замын салбарынхан стандартыг батлаад, дэвшилтэт технологийг нэвтрүүлчихвэл ирэх хавраас ашиглаж эхэлнэ гэж салбарын яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зам барилгын дэвшилтэт технологийг судалж байна  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй