Францын цагдаа, хүчнийхэн Парис хотноо террорист халдлага үйлдсэн сэжигтнүүдийг улс орон даяар эрэн сурвалжилж байна. Одоогийн байдлаар Франц улс цагдаа, цэргийн 115 мянган бие бүрэлдэхүүнийг улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаанд дайчлан гаргажээ.
Цагдаа, хүчнийхэн террорист халдлагаас өмнө сэжигтнүүд байрлаж байсан байж болзошгүй Парис хотын захын дүүргүүдэд айлын байшин барилга, зочид буудлуудад нэгжлэг хийсэн байна. Францын орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр террорист халдлагаас өмнө халдлага үйлдсэн гэх сэжигтэн, эрэн сурвалжлагдаж байгаа 26 настай Салех Абдеслам, түүний ах, халдлагын үеэр амиа золиосолсон Брахим нар Парисын захын дүүрэгт хоёр ч зочид буудалд долоо хоногийн хугацаатай захиалга өгсөн болох нь тогтоогджээ. Мөн хөрш Бельгийн цагдаа нар террорист үйл ажиллагаанд оролцоод хэргийн газраас зугтаж, Бельгид сул чөлөөтэй яваа нэг сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Интерполоор Эрэн сурвалжлагдаж байгаа 26 настай Салех Абдеслам Францад халдлага болсны дараахан Бельги дэх гэр рүүгээ буцсан тухай мэдээлэл байгаа юм. Түүнийг Бельги рүү буцсан гэх мэдээллийн дагуу Брюссель хот аюулгүй байдлаа чангатгаж, өчигдөр оюутны наадам болон Бельги, Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолтыг цуцласан байна. Өнгөрсөн баасан гарагийн шөнө Парис хотноо болсон террорист халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсаны 221 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Одоогоор 221 хүний 57-гийнх нь биеийн байдал хүнд байгаа гэж Францын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
| Франц, Бельгид террористуудыг эрэн сурвалжилж байна | ||
| Үзсэн: 384 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.