Шууд Chart

Олон улс "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд хамтарна

2015-11-19 12:55:17

ОХУ, АНУ, Европын холбоо Парист болсон террорист халдлагатай холбогдуулан "Исламын улс" бүлэглэлийг дарах хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны батлан хамгаалахын сайдууд Брюссель хотноо шуурхай уулзалт хийж, Лиссабоны гэрээний харилцан хамгаалах тухай заалтыг хэрэгжүүлэх Францын хүсэлтийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Ингэснээр Европын холбооны орнууд зэвсэгт халдлагад өртсөн гишүүн улсдаа цэргийн дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм байна. Мөн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-ын ТНБД Жонн Керритэй Парис хотноо уулзаж, Алан Хядагч "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаанд мэдээллээ харилцан солилцохоор тохирсон байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцаж, Сирийн нутаг дэвсгэрт алан хядагчидтай тэмцэхэд тагнуулын болоод цэрэг армийн хүчээр илүү ойр хамтарч ажиллахаар тохирлоо.

Мөн Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх иж бүрэн стратеги батлахаа мэдэгдсэн. Түүний хэлснээр Британи Сири дэх олон улсын агаарын цэргийн ажиллагаанд оролцох, цаашлаад Сирийн иргэний дайныг дуусгах улс төрийн шийдэл эрэлхийлэх сонирхолтой байна. Их Британи 2003 онд АНУ-тай хамтран Иракийн дайнд оролцсоноос хойш ард иргэд нь дайнаас аль болох татгалзах шаардлагыг эрх баригчиддаа тавьж байгаа учраас Лондон Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилтонд оролцоогүй байгаа.

Францын агаарын цэргийн хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт Парис хотноо террорист халдлага болсны дараа Сирид "Исламын улс" бүлэглэлийн өөрсдийн нийлслэлээ гэж тунхаглаад байгаа Ракка хотыг бөмбөгдөж байна. Франц алан хядагчдыг хайр найргүй бөмбөгдөж, тэднийг дарахад Орос, Америкийн аль алинтай нь хамтрах сонирхолтой байна.

Францын ерөнхийлөгч ирэх долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Вашингтонд, пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзан, хамтарч "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. АНУ Башар Ассадыг төрийн эрх мэдлээс буулгах, харин ОХУ агаарын цохилтоор түүний дэглэмийг бүрэн дэмжие гэсэн байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улс "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд хамтарна  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй