Ирэх жил зохион байгуулах АСЕМ-ын үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр Монголын зочид буудлуудын холбоо, БНСУ-ын зочид буудлуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд мэргэжлийн сургалт зохион байгуулах, олон улсад зөвшөөрөгдсөн арга туршлагаасаа хуваалцах зэрэг олон ажлыг хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Дэлхийн 50 гаруй орны 5000 орчим өндөр дээд хэмжээний зочид АСЕМ-ын чуулганд оролцохоор манай улсад ирнэ. Зочдыг байрлуулахаар 44 буудал сонгогдсон. Тэнд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэхээс хамтын ажиллагаа эхэлнэ. Монголын буудлууд олон улсын төвшинд гологдохооргүй үйлчилгээ үзүүлж байгаа. Суралцах зүйл ч байгааг БНСУ-ын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч Ан Ун Му хэлж байна.
Тэрбээр "Монголд ирээд хоёр хонож байна. Энэ хугацаанд хоёр буудлаар орж үзлээ. Үйлчилгээний хувьд олон улсын түвшинд хүрч чадсан байна. Хамгийн гол нь тухайн хүн ямар орноос ирсэн, ямар соёл заншилтай, түүнд нь тохируулж хэрхэн үйлчлэх вэ? гээд мэргэжлийн төвшинд суралцах зүйл бага сага байна. Энэ санамж бичигтээ мэргэшүүлэх сургалтыг багтаахаар төлөвлөсөн, үр дүнгээ өгнө гэж итгэж байна." гэлээ.
Монгол улсад одны зэрэглэл хангасан 66 зочид буудал байдаг. Тэд бүгд олон улсын төвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх учиртай. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын 1000 гаруй сэтгүүлч сурвалжилахаар ирнэ. Энэ нь бүтэн хоёр өдрийн турш монгол улс дэлхийн хэвлэлийн халуун цэг байна гэсэн үг.
АСЕМ-ын зочдыг хүлээж авах 44 буудлын 2100 мэргэжилтнийг олон улсын сургалтанд хамруулж мэргэшүүлэхээр болсон. Тэгвэл БНСУ-ын зочид буудлуудын холбоо тэргүүний туршлагуудаасаа хуваалцаж, мэргэшүүлэх сургалтыг ч зохион байгуулахаар болж байна.
| Зочид буудлын салбарт Солонгостой хамтарч ажиллана | ||
| Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.