![](/uploads/201511/news/thumb/2ec7b6f305da720915eaa927200275ca_x3.jpg)
УИХ-аар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоодугаар сард баталсан. Энэ хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын харъяа Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р. Р.Отгонтулгатай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.
- НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил ямар шатанд явна?
- Тийм. НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. НӨАТ-ын хоёр хувиа гар дээрээ буцаан авах өдрийг 2017 оны нэгдүгээр улирал гэж төлөвлөж байна. Тэгэхээр иргэд ирэх оны эхнээс НӨАТ-ын татварын баримтаа цуглуулж бэлтгэх шаардлагатай гэсэн үг. Бидний зүгээс техникийн бэлтгэл ажлыг хангаад, дуусах шатандаа орлоо.
- Баримтаа хаанаас авах вэ?
- НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байгууллагууд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын албан ёсны лого, огноотой, дахин давтагдашгүй дугаартай баримтыг худалдан авагчдад өгнө. Одоогоор бид үүрэн телефоны оператор, сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх газруудаар системийн ажлаа хийж гүйцэтгэж байна. Тухайлбал “Миний” сүлжээ дэлгүүр энэ системд орчихсон, бэлтгэл ажлаа хангаж байна.
- НӨАТ төлөгч бүх аж ахуйн нэгж энэ системд шилжих байх. Нийт хэдэн компани уг системд багтах вэ?
- Тоон үзүүлэлтийг татварын ерөнхий газар илүү тодорхой хэлэх байх. Бидний тооцоогоор үйлчилгээний салбар дахь байгууллагын дийлэнх буюу 70 хувь нь НӨАТ төлөгчид байгаа. НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тасалбараа цуглуулж, хоёр хувиа буцааж авах боломжтой. Тухайлбал, энэ дэлгүүр хоёр хувийн тасалбар өгөх үү, үгүй юу гэдгийг асуух шаардлага байхгүй. Дээр дурдсан тусгай тэмдэглэгээг хараад 2 хувиа буцаан авч, баримтаа цуглуулах ёстой гэсэн ойлголттой болох хэрэгтэй.
- НӨАТ-ын босгыг тэглээгүйгээс болж цаана нь НӨАТ төлөгч биш компаниуд хоцорч байна. Эдгээр аж ахуй нэгжээс худалдаа, үйлчилгээ авахад хоёр хувиа буцаан авах боломжгүй гэсэн үг үү?
- НӨАТ төлөгч биш аж ахуй нэгжээр үйлчлүүлбэл хоёр хувийг буцаан олгохгүй ч, сугалаа өгөх ёстой. Тиймээс НӨАТ төлөгч биш компаниудаас албан ёсны төлбөрийн баримт хэвлэж өгөхийг нэхэх, шаардах эрх хуулиараа бүрдсэн. Тодорхой интервалаар сугалааны тохирлыг тааруулна. Сугалааны ялагч болвол манай цахим хуудсаар орж баримтдын дугаараа илгээхэд автоматаар гурваас долоо хоногийн дотор таны дансанд хожсон мөнгө тань орох тохиргоотой байгаа.
-Магадгүй иргэд 2 хувиа буцаан авахын тулд НӨАТ төлөгч байгууллагууд руу илүү хандах байх. Тэгэхээр нөгөө талд нь худалдан авалт буурах магадлалтай харагдаж байна. Судалгаа хийж үзсэн үү?
- Тийм. Баянзүрх худалдааны төвд судалгаа явуулсан. Энэ худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд та гарахдаа заавал баримтаа авч сугалаанд оролцоорой. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа 17 банк гарын бэлэг өгнө гэсэн судалгаа явуулж үзсэн. Ингэхэд иргэд ижил бараатай ч, аль илүү боломжийн санал тавьж байгаа лангуун дээр очиж үйлчлүүлж байсан. Эндээс санал тавиагүй нэгний худалдаа хаагдах зүйл бол харагдаж байсан. Тиймээс НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийвэл сугалаа олгох нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн.
- НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхэд дараа жилийнхээ нэгдүгээр улиралд 2 хувиа буцаан авна. Харин НӨАТ төлөгч биш газруудаар үйлчлүүлэхэд зөвхөн сугалаанд ороцоно гэсэн үгүү?
- НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүдээс баримтаа цуглуулж хоёр хувиа авна. Дээр нь НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлсэн тохиолдолд сугалаа авна. Аль алийг нь бодолцож хоёр боломж олгож байна. Бид өмнө нь НӨАТ-ын падаан бичдэг байсан. Үүнээс үүдэн шийдвэрлэхэд төвөгтэй асуудал их гардаг байсан. Энэ бүгдийг бид технологоор дамжуулан шийдвэрлэхийг зорьж байна. Байгууллагаас байгууллагын хооронд худалдан авалт хийж байгаа бол, та татвар төлөгчийнхөө дугаарыг хэлээд авах боломжтой. НӨАТ гэдэг нь өөрөө санхүүгийн тогтолцоон дээрх үнэн бодит мэдээллийг гаргах ач холбогдолтой. Тиймээс олон улсын сонгодог тогтолцоо руу орох эхлэлээ тавиад явж байна.
- Сугалааны хонжвор юу байх вэ?
- Монгол улсын засгийн газраас хийгдэж байгаа үндэсний хэмжээний томоохон сугалаа гэж үүнийг хэлж болно. Одоогоор сугалаанд олгон мөнгөн дүн тодорхойгүй байгаа ч, сард 1-2 тэрбум төгрөгний санхүүжилтийг иргэдэд өгнө гэсэн тооцоолол байгаа. Сугалааны хонжвор гэнэтийн ашгийн татвар болох 40 хувьд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, сугалааны шагнал хасагдахгүйгээр бүрэн бүтнээрээ иргэдэд очно гэсэн үг юм.
- НӨАТ-ын буцаан олголтын 2 хувь гэдэг нь ойролцоогоор хичнээн төгрөг болж байгаа вэ?
- Сангийн яам үүнийг хариуцаж ажиллаж байгаа. Гэхдээ сард 2 сая төгрөгийн орлогтой өрх сард дунджаар 30-50 мянган төгрөг цуглуулах боломжтой гэсэн тооцоо бий. Сугалаанд аль болох олон хүнийг хамруулж, нэг өрх жилдээ ядаж нэг удаа сугалаанд хожих магадлалыг тооцож баримтын судалгаа хийж байгаа.
- Авсан сугалаа, баримтаа сар болгон өгөх үү, эсвэл цуглуулж байгаад тухайн жилдээ татварын албандаа өгч буцаан олголтоо авах уу?
- Бид цахим сайт ажилуулна. Тухайн сайтад баримтын дугаараа өдөр өдөрт нь бүртгүүлэх боломжтой. Таны өмнөөс өөр хүн бүртгүүлбэл сугалаа хүчингүй болохыг анхаарах хэрэгтэй. Тиймээс цаг тухай бүрт нь өөрөө баримтаа оруулаад хэвших хэрэгтэй. Мөн хялбараар гар утасаараа “QR” кодоо уншуулах боломжтой юм. Та азтан болсноо мэдээгүй байсан ч, хонжворын мөнгө таны данс руу автоматаар очих учир иргэдэд санаа зовох зүйлгүй.
- Хууль удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Иргэдийг мэдээллээр хангах, хууль сурталчилах тал дээр ямар ажил хийж байна?
- Ирэх сараас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй түлхүү хамтран ажиллаж, иргэдэд хууль сурталчилахаар төлөвлөж байна. Бид аль болох иргэдэд чирэгдэл багатай байхаар бүх ажлыг шийдвэрлэж байна. Түүнчлэн аж ахуй нэгжүүд маань баримт олгоходоо стандартад нийцсэн цаас хэрэглэх хэрэгтэй. Учир нь баримтын дугаар арилж, дараа нь маргаан үүсэх магадлалтай учир аж ахуй нэгжүүдийг анхнаасаа стандарт, дүрэм журмынхаа дагуу ажиллах талаар анхааруулж байгаа.
Ярилцсан Н.Цэгмид
Р.Отгонтулга: 2017 оны нэгдүгээр улирлаас НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгоно | ||
Үзсэн: 2349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.