Балканы хойгийн орнууд дүрвэгчдийг хил нэвтрүүлэх журмаа чангатгалаа. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Лхагва гарагаас эхлэн Балканы хойгийн гурван орон дайн хямралд шууд нэрвэгдээгүй бүс нутгаас ирсэн цагаач дүрвэгчдийг хил нэвтрүүлэхээ зогсоожээ. Ингэснээр Серби, Македон, Словени улс зөвхөн Ойрхи Дорнод, Афганистаны дүрвэгчдийг хил нэвтрүүлж байна.
Энэ нь дүрвэгчдийн хямралыг ашиглан Ази, Африкийн улс орны эдийн засгийн цагаачид хил нэвтрэхээс сэргийлэх зорилготой гэж дээрх гурван улс тайлбарлаж байгаа юм. Хил нэвтрэх дүрвэгчдэд ийнхүү хязгаарлалт тогтоосны дараа Македон хилээ түр хааснаас үүдэн тус улсын Гректэй залгаа хил дээр олон зуун цагаач дүрвэгч гацсан талаар Эй-Эф-Пи агентлаг уламжилж байна. Гэхдээ тус улс удахгүй хилээ буцаан нээнэ гэж Македоны Дотоод хэргийн яам мэдэгдлээ.
Мөн Хорватын Сербитэй залгаа хил дээр 400 орчим цагаач дүрвэгч Серби рүү нэвтрэх боломжгүй болжээ. Серби тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн Сири, Ирак, Афганистанаас бусад орны цагаач дүрвэгчдийг Лхагва гарагаас буцааж эхэлсэн байна. Энэ шинэ журмаас үүдэн хил нэвтэрч чадалгүй хоцорсон дүрвэгч цагаачдын дотор Алжир, Тунис, Марокко, Бангладеш, Пакистан болон Сомалийн иргэд байгаа юм.
| Балканы орнууд дүрвэгчдийг хил нэвтрүүлэх журмаа чангатгалаа | ||
| Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.