Парисын террорист халдлагатай холбогдуулан Европын холбооны гишүүн орнуудын хууль зүй, дотоод хэргийн сайд нар өнөөдөр шуурхай уулзалт хийх гэж байна. Энэ уулзалтаар Европын холбооны хилийн хяналт шалгалтыг чангатгах ажлыг түргэвчлэх шийдэлд хүрэхийг Францын дотоод хэргийн сайд Бернар Казнев уриалж байна.
Европын холбооны нутаг дэвсгэрт террорист халдлага дахин үйлдэхээс сэргийлэхийн тулд зэвсгийн наймаанд хийх хяналт шалгалтыг чангатган, агаарын тээврийн нислэгт зорчиж байгаа иргэдийн талаар мэдээлэл солилцох хэрэгтэй гэж Казнев үзэж байна. Харин зорчигчдын нэрсийн жагсаалтыг ийнхүү солилцох нь хувь хүний нууцад халдсан хэрэг болно гэдэг үндэслэлээр Европын зарим орны хууль тогтоогчид Казневийн саналыг эсэргүүцэж байгаа юм.
Үүнээс гадна Казнев Европын холбооны хилийн хяналтын зохион байгуулалт, уялдааг сайжруулахын тулд тагнуулын мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байна. Парисын халдлагаас ч өмнө Франц улс хил дээр хяналт тогтоогоод байсан. Хоёр долоо хоногийн дараа Парист эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ шийдвэр хэрэгжсэн юм.
| Европын холбооны хилийн хяналтыг чангатгахыг уриаллаа | ||
| Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.