Египетийн засгийн газар хойд бүс нутагтаа цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулахад ОХУ-тай хамтран ажиллараар боллоо. Өчигдөр хоёр орны засгийн газар Каир хотноо цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулах төсөлд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Египетийн ерөнхийлөгч Абдел Фатах аль Сиси оролцжээ.
Энэхүү хамтын гэрээний дагуу ОХУ-ын төрийн мэдлийн компани ирэх 12 жилийн хугацаанд Газар Дундын тэнгисийн эрэгт Дабаа хотод дөрвөн реактортой цөмийн эрчим хүчний станц барих бүтээн босголтын ажлыг гүйцэтгэх юм байна. Мөн ОХУ-ын засгийн газар цөмийн станцын бүтээн босголтын зардлыг зээлүүлэх зарчмаар дааж, Египет тус зээлийг 35 жилийн хугацаанд төлж барагдуулах юм байна. Хүн ам нь 90 саяд хүрч, газрын тос олборлолт нь эрчимтэй буурч байгаа Египет эрчим хүчний хомсдолтой тулгарч байгаа. Иймд цөмийн эрчим хүчний анхны станцаа байгуулах нь Египетийн ард түмний хувьд олон жилийн мөрөөдөл байж ирснийг ерөнхийлөгч Аль Сиси тэмдэглэжээ. Мөн тэрээр цөмийн эрчим хүчийг зөвхөн эрчим хүч дамжуулах энхийн зориулалтаар байгуулна гэдгээ ч цохон тэмдэглэсэн байна.
Египет нь 1950 оноос хойш цөмийн эрчим хүчний станцтай болох асуудлыг ярьсан ч Израильтай хийсэн дайн, Чернобилийн цөмийн гамшиг зэргээс үүдэн өнөөдрийг хүрчээ. Өнөөдөр Булангийн газрын тос олборлогч орнууд болон Турк улсад цөмийн эрчим хүчний станц байгуулах төслийг хэрэгжүүлэхийн төлөө олон компани өрсөлдөж байна. Гэхдээ Египет, Оросын компаниуд хамтран ажиллахаар ингэж гэрээ байгуулсан нь хоёр орны харилцаа өргөжин тэлснийг гэрчилж байгаа нэг үзүүлэлт юм.
| Египет ОХУ-тай хамтарч цөмийн станц байгуулна | ||
| Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.