Шууд Chart

Пан Ги Мун Умард Солонгост очихгүй гэв

2015-11-21 13:49:46

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ирэх долоо хоногт Пхеньянд очихгүй гэж ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр Умард солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн тараасан мэдээллийг няцаав.

“Ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ-д очихгүй, ирэх долоо хоногт тэрбээр Нью-Йоркод байна, дараа нь Мальтад очиж хамтын нөхөрлөлийн чуулга уулзалтад оролцоно. Дараа нь  Парист болох цаг агаарын асуудлаарх 21 дэх удаагийн бага хуралд оролцоно” гэж Дюжаррикийн мэдээлэлд өгүүлжээ. Ингэхийн зэрэгцээ тэрбээр ноён Пан Ги Мун хоёр Солонгосыг нэгтгэх үйл хэрэгт аливаа нааштай байж болох үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн гэдгийг онцоллоо.

Үүний өмнө Солонгосын цахилгаан мэдээний агентлаг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 23-нд Пхеньянд ирж, дөрөв хоногийн айлчлал хийнэ гэж мэдээлсэн юм. Өмнөд Солонгост 2017 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтайд тооцогддог Пан Ги Мун өнгөрсөн тавдугаар сард Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт очихоор төлөвлөсөн ч энэ нь бүтээгүй юм. Пхеньян ямар нэг тодорхой шалтгаангүйгээр Пан Ги Муныг Умард Солонгосын нутагт нэвтрүүлэхээс татгалзсан ажээ. Пан Ги Мун, "Умардад айлчилна гэдэгт их итгэж, хүлээж байсан. Тэр ч байтугай тэрбээр сүүлийн 20-иод жилд БНАСАУ-ын нутагт хөл тавьж байгаа НҮБ-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга болно" гэж хүртэл мэдэгдэж байлаа. БНАСАУ-д очсон НҮБ-ын сүүлийн ерөнхий нарийн бичгийн дарга нь Бутрос Гали байсан бөгөөд энэ хүн 1993 онд Пхеньянд зочилж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пан Ги Мун Умард Солонгост очихгүй гэв  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй