Шууд Chart

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэлж байна

2015-11-21 17:56:43

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо АСЕАН-ы 27 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Уулзалтад оролцохоор тус холбооны гишүүн 10 орны төр засгийн удирдагчид Малайзын нийслэл Куала Лумпур хотод хуран цуглажээ.  Францын нийслэл Парис, Ливаны нийслэл Бейрут, Малийн нийслэл Бамако хотод гарсан террорист халдлагуудтай холбогдуулан дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнуудын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Куала Лумпур хотын харуул хамгаалалтыг эрс чангатгасан байна.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар оролцогч талууд АСЕАН-ы эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулж, энэ тухай Куала Лумпурын тунхаглал гаргах юм. Ингэснээр АСЕАН-ы орнууд эдийн засаг, улс төрийн аюулгүй байдал, нийгэм соёлын гэсэн гурван салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ АСЕАН-ы улс орнуудын удирдагчид Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хөгжлийн 2025 он хүртэлх төлөвлөгөөг батлах юм байна.

Тус бүс нутагт хурцадмал байдал үүсгэсэн Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудал уулзалт хэлэлцээний үеэр хөндөгдөх гол сэдвийн нэг байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ сарын эхээр болсон АСЕАН-ы өргөтгөсөн уулзалтад оролцогчид Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх санал зөрөлдөөний улмаас хамтарсан тунхаглал гаргаж чадаагүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэлж байна  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй