Арваннэгдүгээр сарын 13-нд Парист цуврал дэлбэлэлт, зохион байгуулалттай халдлага дайралтууд болсоны улмаас 130 хүний амь эрсдэж, 300 гаруй хүн шархадсан. Үүнтэй холбогдуулан хэт даврагч бүлэглэлүүдийн халдлага дайралтуудаас сэргийлэх, дарж устгахад чиглэсэн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхэд улс орнуудыг уриалж Франц улсын өргөн барьсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэй баталлаа.
Тус тогтоолд Тунисын Сус хот, Туркийн нийслэл Анкара, Ливаны нийслэл Бейрут, Францын нийслэл Парис хотноо террорист халдлагууд үйлдэж, Египетийн Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоцыг сүйрүүлсэн “Исламын улс” бүлэглэлийг эрс шийдвэртэй зэмлэн буруушаагаад, эдгээр үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд шинэ, дэлхий дахиныг хамарсан шинжтэй аюул занал учруулж байгааг онцолсон байна.
Улмаар НҮБ-ын гишүүн орнуудыг олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн Сири, Ирак дах "Исламын улс" бүлэглэлийн байршлуудын эсрэг боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалжээ. ОХУ-ын төлөөлөгч энэхүү тогтоолыг “терроризмын уг шалтгааныг үгүй хийх өргөн хүрээтэй фронт байгуулахад нэг алхам ойртсон хэрэг” гэж дүгнэлээ. Энэ тогтоол батлагдсаны дараахан Франц улс, нисэх онгоц тээвэрлэгч “Шарль де Голль” хөлөг онгоц нь Арабын буланд очингуут Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо гурван дахин нэмэгдүүлэх болно гэж зарласан байна.
Аюулгүйн зөвлөлөөр сая батлагдсан 2249 дүгээр тогтоол нь "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах бүрэн эрхийг улс орнуудад олгоогүй боловч тус бүлэглэлийн эсрэг бүх хүчээ дайчлахыг олон улсад уриалж, энэ тухайд Аюулгүйн зөвлөл нэгдсэн байр суурьтай байгааг нотлон харуулснаараа чухал ач холбогдолтой боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.
| НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тогтоол баталлаа | ||
| Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.