Өчигдөр Мьянмарын сонгуулийн хороо арваннэгдүгээр сарын 8-нд болсон парламентын сонгуулийн санал тооллогын эцсийн дүнг олон нийтэд зарлалаа. Тус дүнгээр Нобелийн энх тайвны шагналтан, ардчилалын төлөө тууштай тэмцэгч Аун Сан Су Чигийн тэргүүлдэг сөрөг хүчний Ардчилалын төлөөх үндэсний холбоо нам үнэмлэхүй ялалт байгуулж, сонгуульд өрсөлдүүлсэн нийт суудлын 80 орчим хувийг авсан байна.
Мьянмарын парламентын дээд, доод танхимын нийт 491 суудлын төлөө улс төрийн нам, хүчнүүд өрсөлдсөн байна. Санал тооллогын эцсийн албан ёсны дүнгээр, Аун Сан Су Чигийн “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам 390 суудал авсан байна. Ингэснээр тус нам парламентын хоёр танхимд олонх болж, улмаар засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулах, мөн ирэх оны эхээр ерөнхийлөгчийг бие даан томилох эрхтэй болж байна.
Харин одоогийн эрх баригч “Эв нэгдэл хөгжлийн холбоо” нам хоёр танхимд 42 суудал авч, үлдсэн 59 суудлыг бусад нам хүчнийхэн болон бие даан нэр дэвшигчид хуваан эзэлсэн байна. Гэхдээ Мьянмарт парламентын нийт суудлын 25 хувь нь цэргийн эрхтэнүүдийн мэдэлд шууд очдог хууль үйлчилдэг. Тиймээс эдгээр суудлыг нэмж тооцвол, “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам парламентын хоёр танхим дах нийт суудлын 60 орчим хувийг эзэлсэн гэсэн үг болж байна.
Сая шинээр сонгогдсон парламент ирэх оны нэгдүгээр сард бүрэн эрхээ хүлээн авах юм байна. Үүний дараа Мьянмарын сөрөг хүчний тэргүүлсэн шинэ парламент улсын ерөнхийлөгчөө сонгож, гуравдугаар сарын эцсээр засгийн газрын шинэ кабинет бүрэн эрхээ хүлээн авах юм. Мьянмар улс олон арван жил цэргийн дэглэмд захирагдаж, дөнгөж дөрвөн жилийн өмнө цэргийн хунтын дэглэмээ халж иргэний засагт шилжсэн юм. Ардчилалыг хөгжүүлэх уриатай сөрөг хүчин ялалт байгуулснаар энэ улсын хөгжил цэцэглэлийн эхлэл тавигдлаа гэж шинжээчид үзэж байна.
| Мьянмарын парламентын сонгуулийн албан ёсны дүн гарлаа | ||
| Үзсэн: 353 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.