Азийн бүс нутаг дах дэд бүтцийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Япон улс Ази тивийн хөгжиж байгаа орнуудад иенээр зээл олгох нөхцлөө хялбаршуулахаар болжээ. Малайзийн нийслэлд өнөөдөр эхэлж байгаа Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа төр засгийн тэргүүн нарын уулзалт дээр Японы ерөнхий сайд Шинзо Абэ энэ тухай мэдэгдсэн байна.
“Азийн эдийн засгийн өсөлт жил ирэх тусам эрчимжиж байна. Тиймээс иенээр зээл олгох систем ч бас энэ өндөр хурдцад нийцэж байх ёстой” гэж Абэ хэлжээ. Түүний ярьснаар, зээллэгийн шинэ нөхцлийн дагуу Япон улс олон нийтийн байгууллагуудаас төлбөрийн чадварыг нь нотолсон засгийн газрын тусгай батламж шаардахгүй юм байна. Японы засгийн газраас зээлийг дэмжин батлах үйл явц бас түргэсч, өргөдөл гаргаснаас хойш гурван жил байсныг нэг жил хагас болгохоор болжээ. Токио 2020 оныг хүртэл Азийн орнууд дах дэд бүтцийн хөгжилд 110 тэрбум орчим доллар гаргана гэдгийг японы ерөнхий сайд энэ оны тавдугаар сард зарлаж байсан.
Сүүлийн үед азийн хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн төслүүдэд Япон улсын оролцох хувь хэмжээ нэлээд буураад байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч есөн сард Индонез улс “Жакарта-Бандунг” чиглэлд хурдны төмөр зам барих Японы төслөөс татгалзаж, Хятадын талын саналыг хүлээж авсан. Түүнээс гадна БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ онд байгуулагдсанаар Япон, АНУ голлох байр суурь эзэлдэг Азийн хөгжлийн банкны шууд өрсөлдөгч болж гарч ирсэн юм.
| Япон улс иеэнээр зээл олгох нөхцөлөө хялбаршуулна | ||
| Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.