![](/uploads/201511/news/thumb/0f7215c8411ce72b0f2f17180be7ab5b_x3.jpg)
Засгийн газраас барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм. Хөдөлгөөнт цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна улсын болон бүс нутгийн томоохон барилга угсралтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой ажээ.
Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын BIC Industries корпорациас худалдан авах “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулах юм байна.
Зээлийн эргэн төлөлтийг 2017-2019 оны улсын төсөвт тусгах бөгөөд уг ажлыг Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт даалгажээ.
Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.