Шууд Chart

Пан Ги Мун Умард Солонгост айлчлах хүсэлтэй байна

2015-11-24 17:33:27

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Умард Солонгост аль болох даруйхан айлчлах найдлага тээж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй болохыг НҮБ мэдэгдсэн байна.

Өмнөд, Умард хоёр Солонгос энэ пүрэв гарагт харилцаагаа дахин сайжруулах талаар яриа хэлэлцээ зохион байгуулна. Харин Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын албыг өмнө нь хашиж байсан Пан Ги Мун Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдал тогтоох, энэ талаар яриа хэлэлцээ зохион байгуулахад жинтэй үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн юм. Энэ хүрээнд түүний өнгөрөгч 5-р сард Умард Солонгост хийхээр төлөвлөж байсан айлчлал гэнэт цуцлагдсан.

Харин өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Рёнхап агентлаг Пан Ги Муны айлчлалыг дахин төлөвлөсөн талаар уламжилсан боловч энэ мэдээллийг НҮБ няцаажээ. Өчигдөр Пан Ги Мун сэтгүүлчидтэй уулзах үеэрээ цаашид Умардад айлчлал хийх нааштай боломж харагдаж байгаа гэлээ. “Умардад айлчлахад хамгийн тохиромжтой үе хэзээ вэ гэдгийг бид хэлэлцэж байна. Одоогоор баттай шийд гараагүй” гэж Пан Ги Мун яриад, аль болох даруйхан Умардад айлчлахыг зорьж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Хэрэв айлчлал зохион байгуулагдвал, Пан Ги Мун Умард Солонгост айлчилсан НҮБ-ын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. Солонгосын хойгийн дайн 1953 онд түр гал зогсоох гэрээгээр өндөрлөсөн боловч өнөөг хүртэл энхийн гэрээнд гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл, албан ёсоор дайны байдалд хэвээр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пан Ги Мун Умард Солонгост айлчлах хүсэлтэй байна  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй