Шууд Chart

АНУ аюулын түвшинг нэмэгдүүлэв

2015-11-25 09:25:57

АНУ-ын төрийн департамент алан хядах аюулын түвшинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дэлхий даяар байгаа Америкийн иргэдэд зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. “Исламын улс”, “Аль-Кайда” “Боко Харам” болон хэт даврагч бусад бүлэглэл  дэлхийн олон бүс нутагт халдлага дайралт үйлдэхээр төлөвлөсөөр байгааг Төрийн департаментаас анхааруулсан байна.

Энэхүү аюулын сэрэмжлүүлэг нь 2016 оны хоёрдугаар сарын 24 хүртэл хүчинтэй байх юм байна. Энэ хугацаанд Америкийн иргэдийг олон нийтийн газар, унаа тээвэр дотор сонор сэрэмжтэй байж, хөл хөдөлгөөн ихтэй газар очихоос зайлсхийхийг зөвлөж байна. “Исламын улс” бүлэглэлийн гишүүд Сири, Иракаас эх орондоо эргэн ирэхийн хэрээр алан хядах халдлага гарах аюул эрсдэл байсаар байна гэж эрх баригчид үзэж байгааг дээрх мэдэгдэлд мөн дурдсан байна. АНУ-ын төрийн департамент үүнээс өмнө хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сард Австралийн Сидней хотод халдлага гарсны дараа ийм сэрэмжлүүлэг зарлаж байсан юм.

Тэгэхэд Амеркийн эрх баригчид ганц нэгээрээ этгээдүүдийн үйлдэж байгаа халдлагаас сэрэмжлүүлсэн анхааруулга гаргаж байсан юм. Тэрчлэн төрийн департамент үүнээс өмнө ерөнхийдөө аль нэг тодорхой улсад байгаа Америкийн иргэдэд холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж ирсэн байдаг юм.

Олон хүний аминд хүрсэн хэт даврагчдын халдлага дайралтууд сүүлийн долоо хоногуудад Франц, Орос, Мали, Ливан болон өөр бусад улсад гараад байгаа. Одоогийн байдлаар Бельги улсад аюулын хамгийн өндөр түвшин тогтоосон, энэ сарын 13-нд Парист үйлдэгдэж 130 хүний амийг хөнөөсөн халдлагыг гэм буруутнуудыг эрэн сурвалжлах ажил үргэлжилсэн хэвээр байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ аюулын түвшинг нэмэгдүүлэв  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй