Францын сөнөөгч нисэх онгоцууд “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн эсрэг явуулж байгаа ажиллагааныхаа хүрээнд анх удаагаа нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц дээрээс нислэг үйлдэж, цохилт өгч эхэлжээ. Францын батлан хамгаалах яамны мэдээлснээр, Арабын буланд очиж байрласан “Шарль де Голль” хөлөг онгоц дээрээс “Рафале” сөнөөгч дөрвөн нисэх онгоц хөөргөсөн бол, Иордани дахь нисэх баазаас “Мираж 2000” загварын хоёр онгоц мөн тэдэнтэй нэгджээ.
Тус байлдааны нислэгийн гол бай нь энэ удаад Сирийн зүүн хойд нутагт байрлаж байгаа өөрийгөө “Исламын улс” хэмээн зарлан тунхагласан бүлэглэлийн дэд бүтцийн байгууламжууд болсон байна. Өмнө нь даваа гарагт Францын нисэх хүчин Иракийн нутаг дахь Мосул, Рамади хотуудад байгаа “Исламын улс”-ын байгууламжуудад цохилт өгсөн байна. Франц улс ийнхүү Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн усанд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо байрлуулснаар “Исламын улс” бүлэглэлийн байрлалууд руу агаараас цохилт өгөхдөө өмнөхөөс гурав дахин олон нисэх онгоц ашиглах боломж бүрдэж байгаа юм.
“Шарль де Голль” хөлөг онгоц дээр нийт 40 нисэх онгоц, түүний дотор олон бай зэрэг устгах чадвартай “Рафале М” хэмээх 12 сөнөөгч онгоц байрладаг байна. Энд дурдахад, энэ сарын 13-нд нийслэл Парис хотод нь цуврал халдлага үйлдэгдэж, түүнийг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээсний дараа Франц улс энэ бүлэглэлийн эсрэг агаарын дайралтаа улам нэмэгдүүлээд байгаа юм.
| Франц "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүллээ | ||
| Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.