Шууд Chart

ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн суманд оногдон сүйрэв

2015-11-25 09:56:46

Сирид "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн нисэх хүчний Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөжээ. Турк улс хэрэг явдлыг тайлбарлахдаа, Оросын онгоц тус улсын агаарын хилийг зөрчиж, удаа дараа өгсөн анхааруулгыг хэрэгсээгүй учраас ийнхүү сөнөөсөн гэсэн байна.

Харин Оросын Батлан хамгаалах яам Туркийн талын энэ мэдэгдлийг няцааж, Оросын онгоц Туркийн хилийг зөрчөөгүй гэж мэдэгдлээ. Энэ явдлаас үүдэн хоёр орны харилцаа эрс сэрүүсч болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулж байна. Путин энэ талаар ярихдаа “Энэ бол бидний түнш хэмээн бодож байсан хүмүүс ар нуруу руу хутга шаасантай адил, террористуудыг шууд дэмжиж байгаа үйлдэл” гэдгийг хатуухан хэллээ.

Туркийн үйлдэлтэй холбогдуулан Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад өнөөдөр хийх байсан айлчлалаа цуцлаад байгаа юм. Үүний хариуд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын онгоц агаарын хилээ хамгаалж, удаа дараа өгсөн анхааруулгыг хэрэгсээгүй Оросын онгоц руу гал нээсэн нь зөв алхам байсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр мөн Сирийн Турктэй хиллэх нутаг дэвсгэр, өөрөөр хэлбэл, туркменчууд оршин суудаг, "Исламын улс" бүлэглэлийнхэнтэй ямар ч хамааралгүй газар нутагт Оросын тал агаарын цохилт өгч байгааг эрс шүүмжилсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн суманд оногдон сүйрэв  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй