Монгол Улс 2014 онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, нийт 5.8 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнийг гадны улсуудад экспортложээ. Үүний 80 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс олон улсын стандартыг нэвтрүүлэх замаар экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийхээ тоо, төрлийг нэмэгдүүлэх боломж байгааг Үндэсний чанарын чуулганд оролцогчид хэлж байна.
Манай үйлдвэрлэгчид Европын холбоонд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжтой. Мөн Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж 97 бүлгийн 5700 орчим төрлийн барааг импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулахаар болсон. Гэвч бид энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Ноолууран хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээс хэтрэхгүй байна.
Харин Европ, Азийн хэрэглэгчид Монголоос зөгийн бал, чацаргана зэрэг экологийн цэвэр хүнс, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах өндөр сонирхолтой байна. Тэдний энэ эрэлтэд нийцсэн нийлүүлэлт хийхийн тулд бид чанар стандартаа олон улсын түвшинд хүргэх эхний алхамуудыг хийж эхэлсэн.
Энэ үеэр Европын холбооны эксперт Мария Борис "Монгол Улсын Засгийн газар Европын холбоонд сайн чанарын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байдаг. Гэхдээ энэ боломжийнхоо маш өчүүхэн хэсгийг ашиглаж байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Евро чанарын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлагатай. Бид энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Удахгүй хууль эрхзүйн орчин тодорхой болно гэж найдаж байна" гэв.
Жил бүрийн 11 дүгээр сард дэлхийн чанарын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд "Амттай мөрөөдөл" уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий дахинд чанарын талаарх мэдлэгийг сурталчлах, хөгжүүлэхэд энэ өдрийн гол зорилго оршдог. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улс Үндэсний чанарын чуулганаа зохион байгууллаа.
| Бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, экспортоо тэлнэ | ||
| Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.