Өчигдөр Бельгийн эрх баригчид нийслэл Брюссель хотдоо тогтоосон алан хядах ажиллагааны аюулын хамгийн өндөр буюу IV түвшинг нэг долоо хоног сунгасан. Гэхдээ энэ арга хэмжээний хүрээнд түр зогсоогоод байсан Брюсселийн метроны үйлчилгээг сэргээж, дунд сургуулиудын хичээлийг оруулахаар болсон байна.
Энэ шийдвэрийн дагуу өнөөдрөөс Брюссель хотын метроны тал орчим хувь нь үйлчилгээгээ сэргээж байна. Мөн Брюссель хотод цагдаагийн 300 албан хаагч, 200 цэрэг нэмж байршуулан, аюулгүй байдлыг сахиулахаар болжээ. Парист болсон террорист халдлагатай холбогдуулан сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа Бельги, Франц улсад үргэлжилж байгаа юм. Бельгид терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчилсан байна. Брюсселийн Моленбек дүүргээс баривчлагдсан Али, Лазез гэх хоёр сэжигтний шүүх хурлыг энэ долоо хоногт зохион байгуулна хэмээн тус улсын прокурорын газар мэдэгдсэн байна.
Парисын халдлагад оролцсон байж болзошгүй гол сэжигтэн 26 настай Салах Абдеслам Бельгид төрсөн, иймээс халдлагын дараа Парисаас Брюссельд эргэн очсон гэж таамаглаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Парист болсонтой ижил халдлага Брюссельд гарах вий гэж эрх баригчид сэрэмжилж, аюулгүй байдлаа чангатгаад байгаа юм.
| Брюссельд метроны үйлчилгээг сэргээнэ | ||
| Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.