Өнгөрсөн сард Египетийн Шарм эль-Шейх хотын нисэх буудлаас хөөрсөн Оросын А321 онгоц террористуудын суурилуулсан тэсрэх бөмбөгнөөс болж сүйрсэн нь батлагдсан. Үүнээс үүдэлтэйгээр Египетийн аялал жуулчлалын салбар хүндхэн байдалд ороод байна.
Аялал жуулчлалын салбар Египетийн ДНБ-ий 13 хувийг бүрдүүлж, нийт ажлын байрны 12 хувийг шууд болон шууд бусаар хангадаг гэх тооцоо байдаг. Өнгөрсөн онд Египетийг зорих жуулчдын тоогоороо ОХУ тэргүүлж, Их Британи, Герман зэрэг улс удаалж байжээ. Иймээс Оросын онгоц сүйрснээс үүдэн Орос, Их Британи зэрэг улс жуулчдаа нутаг буцааж, мөн Орос Египетээс ирэх очих бүх нислэгээ түр хугацаагаар зогсоосон нь Египетийн аялал жуулчлалын салбарт хүндхэн цохилт боллоо.
Үүнтэй холбоотойгоор энэ онд Египетийг зорих жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 13 хувиар буурах төлөвтэй байна. Мөн Орос Египетийн хооронд иргэний агаарын тээврийн нислэг сэргээгүй нөхцөлд Египетийн аялал жуулчлалын салбар цаашид сар бүр 281 сая америк долларын алдагдал хүлээх урьдчилсан тооцоо гарчээ. Үүнтэй холбогдуулан Египетийн аялал жуулчлалын яам салбарын бодлогоо эргэн харж, алдагдлаа бууруулах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ хүрээнд Герман, Итали, Испанийн жуулчдыг татах арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж салбарын сайд үзэж байгаа юм. Үүнээс гадна дотоодын аялал жуулчлалыг эрчимжүүлэх санал санаачлага хэрэгжүүлж эхэлсэн байна. Египетийн засгийн газар аялал жуулчлалын салбараа хямралаас гаргахын тулд таван сая америк долларын дэмжлэг олгох шийдвэр гаргаад байгаа юм.
| Египетийн аялал жуулчлалын салбарт хямрал нүүрлэлээ | ||
| Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.