Өнгөрсөн 10 дугааар сарын эхээр Афганистаны Кундуз хот дахь “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмнэлгийг Америкийн онгоцууд андуурч бөмбөгдсөн хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр Пентагоны явуулсан мөрдөн шалгалтын дүнд энэ мэт андуурлын айдас хүрэм жагсаалт ил болсныг “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын тэргүүн Жоан Лью мэдэгдлээ.
Тэрбээр “Би-Би-Си” агентлагт ярихдаа, Америкийн цэргийнхнийг байлдааны ажиллагаа явуулах хууль дүрмийг зөрчиж, гэмт хэргийн шинжтэй хайхрамж болгоомжгүй байдал гаргасанд буруутгасан байна. Мөн тэрбээр энгийн номхон 30-аад хүний аминд хүрсэн бөмбөгдөлтийн нөхцөл шалтгаанд бие даасан мөрдөн шалгалт явуулахыг дахин шаардлаа. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ивээл дор ажилладаг Кундуз дахь эмнэлгийг Америкийн цэргийн албан хаагчийн алдаанаас болж, бас тоног төхөөрөмжийн гэмтэлтэй холбоотой шалтгааны улмаас андуурч бөмбөгдсөн гэж Америкийн мөрдөн байцаагч нар нотолж байгаа юм.
Тэдний явуулсан мөрдлөгийн явцад, нисэх багийнхан эмнэлгийн байшинг талибуудын булаан эзэлсэн Афганистаны аюулгүй байдлын үндэсний албаны байртай андуурсан нь тогтоогджээ. Үүнээс гадна “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмнэлгийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний газрын зураг дээр иргэний байгууламж гэж тэмдэглээгүй байжээ. Афганистан дахь Америкийн хүчний командлагч генерал Жон Кемпбелл мөн, эмнэлгийн байшинд агаараас цохилт өгсөн нь буруу тооцооллоос болсон гэдгийг хүлээсэн. Системийн гэмтэл, хүний хүчин зүйл үүнд нөлөөлсөн гэдгийг тэр хүлээн зөвшөөрөөд Кундуз хотод болсон энэхүү эмгэнэлт тохиолдолд гэм буруутай хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлснөө мэдэгджээ.
| Кундузын эмнэлгийг "андуурч" бөмбөгдсөн гэв | ||
| Үзсэн: 335 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.