Шууд Chart

Герман "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэхэд идэвхтэй оролцоно

2015-11-26 15:48:29

Парисын террорист халдлагатай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Европын холбооны улс орнуудад холбооны улсын үүргээ биелүүлэн, халдлага зохион байгуулагчдын эсрэг тэмцэлд туслахыг уриалж байгаа. Өчигдөр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Франц улсад айлчлах үеэрээ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд Герман улс улам идэвхтэй оролцоно гэдгийг мэдэгдсэн байна.

Халдлагыг зохион байгуулагч, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг нэн даруй хариу арга хэмжээ авах нь Герман улсын үүрэг мөн гэж Германы канцлер үзэж байна. Түүнчлэн тус бүлэглэлтэй яриа хэлэлцээ бус, цэрэг зэвсгийн аргаар тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Одоогийн байдлаар Герман улс Ирак дахь курд цэргүүдийг зэвсгээр хангахаас гадна саяхан Мали дахь Францын 1500 цэрэг дээр нэмэлт хүч болгон 650 цэрэг илгээсэн юм. ХБНГУ Сири дэх цэргийн ажиллагаанд оролцдоггүй. Гэхдээ Парисын халдлагын дараа Германы энэ байр суурь өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна.

Айлчлалын үеэр Франц, Германы эрх баригчид ЕХ-ны гадаад хилийн аюулгүй байдлыг улам чангатгах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Сүүлийн хоёр долоо хоногт эрс багассан Европыг чиглэсэн дүрвэгчдийн урсгал энэ долоо хоногоос эхлэн эргээд сэргэж байна. Францын Ерөнхий сайд Мануэль Вальс Европт нэмж дүрвэгч хүлээн авах боломжгүй болж байгааг анхааруулаад байгаа. ЕХ-ны бусад улс орнууд Парисын халдлагын дараа энэ хандлагыг дагаж, дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах арга хэмжээ авч, үүнийхээ хүрээнд хилийн хяналтаа чангатгаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэхэд идэвхтэй оролцоно  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй