Өнөөдөр Москва хотноо Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийнэ. Парисын халдлагыг үйлдсэн хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ дэмжлэгийг нь авах зорилгоор Олланд энэ долоо хоногт дэлхийн томоохон орнуудын удирдагчидтай уулзаж байгаа юм.
Өчигдөр тэрбээр Парис хотноо Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Олланд Герман улсыг Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг уриалсан байна. Меркель харин терроризмын эсрэг тэмцэлд Франц улсыг дэмжихийн тулд боломжтой бүхнийг хийхээ амлажээ. Энд дурдахад, Олланд энэ долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нартай Исламын хэт даврагчдын эсрэг хийх тэмцлийн асуудлуудыг хэлэлцсэн.
Мөн ойрын хугацаанд Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй уулзахаар төлөвлөөд байна. Үүний зэрэгцээ Францын парламент өчигдөр, Сири дэх "Исламын улс” бүлэглэлийн дайтагчдын эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаагаа сунгах шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Ирак дахь Исламын хэт даврагчдын байрлалуудад Франц улс 2014 оноос хойш агаарын цохилт өгч байна. Энэ сарын 13-нд Парист болсон зэвсэгт халдлагын улмаас 130 хүний амь эрсдэж, 350 гаруй хүн шархадсаны дараа Франц улс агаарын цохилтоо улам эрчимжүүлээд байгаа юм.
| Өнөөдөр Путин, Олланд нар уулзана | ||
| Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.