Шууд Chart

ОХУ-ын аялал жуулчлалын компаниуд Турк улстай бизнесийн харилцаагаа таслав

2015-11-27 10:21:00

Оросын засгийн газар Турк улс цэргийн онгоцыг нь сүйрүүлсэнтэй холбогдуулан иргэдээ Турк улс руу аялаж, зорчихгүй байхыг анхааруулсан. Энэ дагуу ОХУ-ын аялал жуулчлалын "Пегас Туристик", "Натали Турс", "Библио Глобус", Тез Тур" зэрэг дөрвөн компани Турк улстай бизнесийн харилцаагаа тасалж байгаагаа зарласан байна.

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров цэргийн онгоцыг нь санаатайгаар сүйрүүлсэн гэж үзээд Истанбулд хийх төлөвлөгөөг айлчлалаа цуцлаж, ойрын үед Турк улсад аялаж, зорчихгүй байхыг ард иргэддээ зөвлөсөн юм. ОХУ-ын аялал жуулчлалын томоохон дөрвөн компани Турк рүү үйл ажиллагаагаа зогсоосноор Туркийн аялал жуулчлалын салбарт багагүй хохирол учирч болзошгүйг эдийн засагчид онцолж байна.

Турк нь Оросуудын хувьд очих дуртай, аялал жуулчлалын гол орнуудын нэг нь юм. Өнгөрсөн онд л гэхэд ОХУ-ын гурван сая гаруй жуулчин Туркд жуулчилсан бол энэ оны эхний хагаст нэг сая гаруй хүн жуулчилсан байна. Аялал жуулчлалын салбарын орлого Тур улсын ДНБ-ийн 11 хувьтай тэнцдэг бөгөөд 170 тэрбум америк долларт хүрчээ. Мөн судалгаагаар ОХУ Турк чиглэлийн нислэгээ зогсоосноор Турк улс жилд 30 тэрбум америк долларын хохирол амсахаар дүн гарчээ.

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн онгоцыг нь унагасан нь Оросын Турктэй харилцах харилцаанд ноцтой үр дагавар авч ирэх болно гэдгийг анхааруулсан юм. Иймд судлаач, шинжээчид Москва Туркийн үйлдэлд эдийн засгийн хориглолт тавих замаар хариу барих нь гэж дүгнэж байна. Өнөөдөр Орос, Туркийн харилцаа хурцадлаа. Одоо эрчим хүч дамжуулах, эдийн засгийн хориг тавих зэрэг олон чиглэлд нөхцөл байдал тодорхойгүй боллоо, Оросын Росатом компанийн Туркд байгуулах цөмийн эрчим хүчний станц байгуулах ажил зогсож болзошгүй гэж Стратеги судлаач тэмдэглэсэн байна.

ОХУ, Турк хоёр цөмийн станц байгуулах тухай 20 тэрбум америк долларын өртөг бүхий гэрээг дөрвөн жилийн өмнө байгуулсан юм. Энэ станцыг байгуулснаар Турк улс эрчим хүч гарган авах зардлаа бууруулах, 4800 мегаваттаар эрчим хүч дамжуулах боломжтой болох юм. Мөн Орос, Туркийн хооронд хэрэгжүүлэх бас нэг том төсөл нь Оросын байгалийн хийг хар тэнгисээр дамжуулан Турк рүү гаргах зорилготой Туркийн урсгал байгалийн хийн хоолой тавих төсөл юм. засгийн газар хооронд гэрээ байгуулах асуудлаас үүдэн бүтээн босголтын ажил нь хойшлоод байгаа энэ төсөл одоогийн энэ хүйтэн харилцаанаас үүдэн зогсож магадгүйг ч судлаачид онцолжээ.

Мөн Оросын хүнсний аюулгүй байдлын зохицуулах газар чанарын баталгаат зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр Туркээс 162 тонн тахианы мах худалдан авалтыг зогсоосон байна. 2014 оны байдлаар ОХУ, Туркийн худалдааны эргэлт 30 тэрбум америк долларт хүрчээ. Хоёр улс дээрх томоохон төслүүдээ урагшлуулж, худалдааны эргэлтээ 100 тэрбум америк долларт хүргэх зорилт тавьж байгааг өнгөрсөн сард Оросын гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын аялал жуулчлалын компаниуд Турк улстай бизнесийн харилцаагаа таслав  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй