Хэрэв төрийн үйлчилгээний ажилтан УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл тухайн сонгуулийн жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдөж, амьдралаа эрсдэлд оруулалгүй сонгуульд өрсөлдөх боломж хуулиар баталгаажлаа.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа мөн төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын захирлаар ажилладаг болон төрийн бусад албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшвэл ажлаасаа заавал сонгуулийн жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс чөлөөлөгдөнө гэсэн заалт байсан. Харин үүнийг иргэн н.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Үүнийг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд үнэхээр өргөдөл гаргах үндэслэлтэй, Үндсэн хуультай зөрчилдсөн заалт байна гэж үзэн дүгнэлтээ гаргажээ.
Өмнө нь УИХ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байсан бол харин өчигдөр Сонгуулийн тухай хуульд төрийн бусад гэдэг дотор бүрхэг байсан төрийн үйлчилгээний ажилтан сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд заавал ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй гэсэн өөрчлөлт оруулж, хуулиа баталсан. Ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй гэдэгт багш, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, сувилагч цагдаа гэх мэт төрийн үйлчилгээний ажилтан хамрагдах юм. Харин өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд хэт өргөн хүрээнд тавигдаж байсан шаардлагыг тодорхой болгож Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн өөрчлөлт байна. Харин гомдол гаргасан Өлзийсайханы хувьд асуудал хангалттай шийдэгдсэн тул үүнийг дахин хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа гаргалаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Төрийн үйлчилгээний ажилтан сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд заавал ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.