БНХАУ болон Тайландын цэргийн нисэх хүчин анх удаа хамтран цэргийн сургуулилт зохион байгуулжээ. Сургуулилтад 100-гаад цэрэг, зургаан нисэх онгоц оролцсон байна. Тайландад 11 дүгээр сарын 16-нд эхэлсэн энэ сургуулилт 11 хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Өчигдөр хоёр орны байлдааны нисэх онгоцууд хамтран агаарын үзүүлбэр зохион байгуулсан байна. Өнгөрсөн тавдугаар сард Тайландад цэргийнхэн төрийн эргэлт хийж, хунтын дэглэм тогтоосон.
Энэ хэрэг явдлыг өмнөх засгийн газартай ойр түншилж байсан АНУ болон Европын холбоо эрс буруушааж, улмаар АНУ тус улсад үзүүлдэг цэрэг батлан хамгаалахын тусламж дэмжлэгээ бууруулаад байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Тайланд Хятад улстай илүү ойр хамтран ажиллах болсон байна. Энэ хүрээнд Хятад улс хоёр орныг шууд холбох өндөр хурдны төмөр зам байгуулах 23 тэрбум долларын өртөгтэй төсөл Тайландад хэрэгжүүлэх гэж байна.
Мөн Тайланд Хятадаас нэг тэрбум америк доллараар хэд хэдэн шумбагч онгоц худалдан авах талаар хэлэлцэж байгаа. Хятад, Тайландын харилцаа ийнхүү ойртож байгааг нотлон харуулах нь энэ удаагийн цэргийн сургуулилтын гол зорилго байлаа гэж шинжээчид дүгнэж байна.
| БНХАУ, Тайланд хамтарсан цэргийн сургуулилт хийлээ | ||
| Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.