Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт Үндэсний 2-р чуулган өнөөдөр төрийн ордонд боллоо. Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Эдгээр иргэдийн ихэнх нь өнөөдөр сурч боловсорч бусдын нэгэн адил хөдөлмөр эрхэлж, эрхээ хамгаалуулж чадахгүй байна. Үүнийг олон жил ярьж байгаа ч тодорхой өөрчлөлт гарахгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүмжилж байлаа. харин албаныхан хуулиасаа эхлээд өөрчлөлт хийж эхэлсэн гэсэн мэдээллийг өгч байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэвэр тэтгэмж, тусламж нэмэгдсэн. Тухайлбал, 2012 онд 29750 гаруй иргэнд 6 тэрбум 190 орчим сая төгрөгийн тэтгэлэг, тэтгэмж олгож байсан бол 2014 онд 49500 гаруй иргэнд 9 тэрбум 330 гаруй сая төгрөгийг олгожээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн хувьд бараг өөрчлөлт гараагүй. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин нь ч хангалтгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна. Чуулганы үеэр Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх тэтгэлэг, тусламж нэмэгдсэн ч, хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа. Тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаас сайн ярих ёстой гэж бодож байна. Жишээ нь УИХ-д өргөн барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хуулийн төсөлд сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахталаар гурван л заалт орсон байсан. Энэ нь бидэнд хангалтгүй байгаа юм” гэж байв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчилсэн найруулга удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуй нэгжид төрөөс урамшуулал олгодог болох юм.
:Өнөөдрийн чуулганд 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирсэн байна. Энэ чуулганаас гарсан санал санаачлагын үндэслэн 2016-2023 хүртэлх үндэсний хөтөлбөрийг батална. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг манай улс анх удаагаа батлах гэж байгааг албаны хүмүүс хэлж байлаа.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр хэрэгтэй байна | ||
| Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.